Баян-Өлгий аймаг ЭЕШ-ын дүнгээр гурван байраар урагшилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-21 12:10:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий дүнгээр өнгөрсөн оныхоос гурван шатаар урагшилж  аймгуудаас 18 дугаар байрт орсон талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас өнөөдөр мэдээллээ.

Энэ жил аймгийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491,9 болсон бөгөөд 2017 оноос 30,1 пунктээр өссөн байна.

Тус аймгийн сурагчдын хувьд орос хэлний хичээлийн дундаж оноо хамгийн өндөр буюу 570 оноо байгаа бол  физикээр 517, математикаар 516 оноо авчээ. Харин монгол хэлний хичээлээр хамгийн бага буюу 402 оноо авч, өнгөрсөн оныхоос дөрвөн пунктээр ахисан байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн дээшлэхэд аймгийн ИТХ-аас "Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр" баталж хэрэгжүүлсэн, шалгалтаас өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшид нь урамшуулал олгох болсон, эцэг эх, сурагчид хичээлийн сонголтод түлхүү анхаардаг болсон зэрэг хүчин зүйлс нөлөөлснийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ