Мусульман шашинтнуудын ариун Хурбаан айт баяр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-21 08:53:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбан айт" баяр өнөөдрөөс эхэлж байна.  

"Хурбан" нь "Аллах бурханд ойртох", "айт" гэдэг нь "эргээд ирсэн баяр баясгалаар дүүрэн өдөр" гэсэн утгатай юм. Баяр нийтдээ гурван өдөр үргэлжлэх бөгөөд шариатын хуулиар боломжийн амьдралтай мусульман хүн болгон хонь, ямаа, үхэр, тэмээ зэрэг салаа туурайтай малаар Аллах тэнгэрт өргөл барьж,  махыг нь бусадтай хуваалцах, ядуусыг зооглуулах зарчимтай. Мөн энэ өдрүүдэд  мечетүүдэд /шашны сүм/ ч хурбааны мал гаргадаг.

Тус баяр нь энх тайван, эв нэгдэл, аз жаргалыг билэгддэг ба баячууд ядуусын дунд хайр хүндэтгэл авчирдаг гэлцдэг юм. 

Онцолж хэлэхэд, өнгөрсөн оны Хурбаан баяраар иргэд, шашны байгууллагууд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 20 орчим мянган толгой мал төхөөрч, махыг нь амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд тарааж байжээ.
 

Ө.Нурболат

 
Холбоотой мэдээ