Ц.Даваасүрэн: Оюутолгой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-08-14 14:34:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн цахилгаан станц барих асуудал хэт удааширч байгаа талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавьбал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. Гэрээгээр бол бид шаардлага тавих бус цаад компани эрчим хүчээ 2017 оноос эхлэн дотоодоос авах үүрэгтэй юм. Тиймээс тус компанийн удирдлагууд үүргээ биелүүлэх ёстой" гэв.

Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулав.

-Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компанийн эрчим хүчээ хаанаас татаж авч байсан бэ?

“Оюутолгой” Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу гурван чиглэлээр эрчим хүчээ дотоодоос хангах үүрэгтэй. Өөрийн газар дээр цахилгаан станц барина. Мөн манай улсын эрчим хүчний системээс худалдаж авна. Мөн гурав дахь этгээд буюу "Таван толгой" цахилгаан станцаас авах ёстой. 2012 оны долдугаар сард цахилгаан станц барих зөвшөөрлөө манай яамнаас 5 жилийн хугацаатай авсан ч юу ч хийгээгүй. Зөвшөөрлийн хугацаа өнгөрсөн онд дууссан.

-“Оюутолгой” гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Одоогоор УИХ-ын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ болон татварын маргааны асуудлыг судалж байгаа. Удахгүй дүгнэлт гаргана. “Оюутолгой” компанийн удирдлагууд үүргээ биелүүлж, ажлаа хийх ёстой.

Холбоотой мэдээ