Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлажээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-08 12:12:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Х.Аманбол, Х.Сүлеймен нарын хэсэг залуусын санаачилгаар тус сумын төвд байрлах Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөөг сэргээн засварлажээ.

Уг дурсгалт хөшөөний загварыг Зөвлөлт Холбоот Улсын архитектор В.В.Казаринов, уран барималч К.Г.Чумичёв нар 1981 онд Барнаул хотод хийж, 1984 оны намар босгож байжээ. Холбогдох санхүүжилтийн тухайн үеийн Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ф.С.Торхов шийдвэрлэн өгсөн аж.

Анх байгуулагдсанаас хойш засвар хийгдээгүй элэгдсэн дурсгалт хөшөөг засварлахад нийтдээ 12 сая төгрөг зарцуулжээ. Тэрээр шинэ хамгаалалтын хашаа, гэрэлтүүлэг тавьж, эргэн тойрны орчныг тохижуулж саяхан ашиглалтад өгсөн байна. Сэргэн засварлалтын ажилд аймаг болон сумын удирдлага, орон нутгийн иргэд санхүүгийн болон холбогдох бусад дэмжлэг үзүүлжээ.

Ц.Хасбаатар, К.Байкалов нар нь 1921 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр эхэлсэн Толбо нуурын тулалдаан буюу тусгаар тогтнолын түүхэнд мөнхөрсөн цагаантны 3000 орчим цэргийн 43 хоногийн бүслэлтийг монголчуудын ялалтаар өндөрлүүлсэн цэргийн жанжин юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ