Хөхморьт сум түмэн адууны баяр тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-08-02 14:51:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөхморьт сум “Түмэн адууны баяр”, Улсын алдарт уяач Т.Ганзоригийн цолны мялаалга наадмыг нутгийн  зон олонтойгоо сумын ИТХ, Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь Хөхморьт сумын нутгийн зөвлөл, Морь-Галуут уяачдын галаас  хамтран санаачлан энэ сарын 08-11-нд зохион байгуулж,  тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийж байна.

Хөхморьт сумын адуун сүрэг сүүлийн 2 жил дараалан түмээр тоологдсоноос гадна тус сумаас анх удаа Монгол Улсын Алдарт уяач цолыг нутгийн уугуул  Т.Ганзориг хүртсэн байна.

Хөхморьт сумын адуун сүрэг нь нутгийн монгол адууны угшилтай, Монголын их элс, Завхан гол, Хүйсийн говийн ай сав дагасан бэлчээр нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, бие дунд зэрэг, махлагдуу, уналгын чадвар сайн, цээж болон хөлийн бяд сайтай зэрэг сайн чанараар бусад аймаг сумдын адуун сүргээс онцлогтой. Монголын их элс, Завхан голын сав газар, Хүйсийн говийн байгаль, цаг уур  орчны нөхцөлд тухайлбал  өвөлдөө  -40 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь  хэт их халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт зохицсон бөгөөд урт өтгөн дэл сүүлтэй, том далбагар туурайтай, заримдаа нутагт хурдан морь түрүүлж, айрагдахаар “элсний майзгууд” хэцүү шүү хэмээн тодотгож нэрлэсэн байдаг.

Баяр наадмын өмнөхөн төрж өссөн нутаг орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн санал, санаачилгын дагуу хувь нэмрээ оруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажил нутгийн зөвлөлийн гишүүд болон нутгийн уугуул иргэд, тэдний үр хүүхэд, ураг төрлийнхний дунд эрчимтэй өрнөж сэтгэлийн өглөг илгээгээд байгаа аж. Мөн Т.Энхжаргал захиралтай “Монсуль” ХХК, Г.Бадамханд захиралтай “Тулга-Гоёл” ХХК, Монгол Улсын “Алдарт уяач” Т.Ганзориг нар  баяр наадмын морь бөх, хасаа харваа зэрэг уралдаан тэмцээн урлаг соёлын арга хэмжээг нэрэмжит болгон  зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ