Хөлдүү арьсаар биеэ ороосноос болж амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:56:50

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хангийн боомт байнгын  ажиллагаатай болсоноор манай улс худалдаа арилжаагаа өргөтгөх, түүхий эдээ экспортлох  боломж гарч буй ч  11 дүгээр сарын 15-наас хойш  тус боомтоор хил гарахаар ирсэн хүмүүсийн дунд амиа алдсан,  бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил гаргахыг завдсан зэрэг ноцтой үйлдлүүд гарч  таван хүн нас баржээ.

Монгол Улсын иргэн Б.Б. согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас архаг нойр булчирхайн өвчин сэдэрч нас барсан бол, тус аймгийн харьяат Л.Г  биедээ хөлдүү ямааны арьс ороож яваад зүрхний цусан хангамж дутагдсаны улмаас нас барсан, 23 настай А.Ө. нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож яваад онхолдож нас барсан зэрэг  хэрэг гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж буй.

Мөн хилээр их хэмжээний зэс, гууль, үнэт эдлэл, өнгийн чулуу, хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн зэргийг хууль бусаар гаргахыг завдсан хэрэг гарсан аж. Албаны хүний ярьснаар олон аймаг сумаас ирсэн хүмүүс тус боомтоор малын мах, түүхий эд гаргахаар дараалал үүсгэн хил гаалийн ажилтнуудыг айлган сүрдүүлж, эмх замбараагүй  байдал үүсгэсэн байна. Боомт нээгдэх хагас сарын хугацаанд давхардсан тоогоор 10146 зорчигч, 3867 тээврийн хэрэгсэл хилээр зорчжээ.

Улиралдаа нэг удаа нээгддэг байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хангийн боомт 12 дугаар сарын 01-нээс эхлэн байнгын ажиллагаатай болсон юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ