Малын хулгай өнгөрсөн оныхоос нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 09:55:03

Баян-Өлгий аймагт малын хулгайтай тэмцэх 40 хоногийн аян эрчимтэй явагдаж байна. 

Малчдын хотноос хонь таслан авч хулгайлагчдыг цагдаагийнхан илрүүлсэн тухай хүмүүс ярьж байна. Малын хулгайтай тэмцэх тасгийн дарга Б.Хайрылыс энэ талаар мэдээлэхдээ, -Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус аймагт малын хулгайн тоо арваар нэмэгдэн 28 хүрээд байна. Хулгайн илрүүлэлт муугүй, дал орчим хувьтай. Эдгээр гэмт хэргийн хүрээнд 300 орчим адуу, зуу орчим хонь хулгайлагдав. Алтанцөгц, Бугат, Өлгий сумдын болон Булган, Дэлүүний гэсэн хулгайчдын хоёр ч бүлгийг илчиллээ. Харуул, эргүүлүүд ажиллан өөр аймаг сумаас оруулж ирсэн малын гарал үүслийн гэрчилгээг заавал шаарддаг боллоо. Энэ журмыг зөрчсөн найман иргэнд торгууль тавив. Хулгайн малыг хүмүүс үүсэл гарлын гэрчилгээгүйгээр авто хөсгөөр тээвэрлэсэн жолоочид бас хариуцлага хүлээлгэх ёстой. Энэ журмыг зөрчсөн нэгэн жолоочийн машиныг хурааж байна. Өлгий суманд Увс, Ховдын нутгаас адуу нэлээд оруулж ирдэг тул үүнд анхаарлаа чиглүүлж байна. Өнгөрсөн хавар тус аймгаас үхэр хулгайлан аваачаад, гаднаас адуу оруулж ирсэн гэмт хэргийг илрүүлсэнээс хойш ийм хэрэг давтагдаагүй гэж ярилаа. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ