Үер усны аюулаас сэрэмжлэх зөвлөмж хүргэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-07-16 17:45:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногт Баянхонгор аймгийн зарим нутгаар усархаг бороо, аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас онцгой сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
Тодруулбал, долдугаар сарын 17,19-нд хээр тал болон хангайн уулархаг нутгийн зарим газраар, 20-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүсэх юм байна.
Ихэнх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, говийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Энэ сарын 20, 21-нд бага зэрэг сэрүүсч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-10 градус, өдөртөө 13-18 градус, говийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх аж.
Мөн хугацаанд усархаг аадар борооны эрчимшлээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байгааг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав. Тиймээс тус албанаас Түйн голын эрэг, Оготнотой булаг, Дуурсахын хөндий зэрэг газруудад амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж, өдрийн таван удаагийн давтамжтайгаар чанга яригч, микрофон ашиглан зөвлөмж хүргэж эхэлжээ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голуудын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг Онцгой байдлын газраас сануулж байна.
                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ