Таван хүүхдийн амь аварсан салаан захирагч ахмад мөрдэс зүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-07 16:29:32

Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр энэ оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодруулсан байна. Ажилдаа амжилт гаргасан албан хаагчдын цолыг ахиулснаар үйл ажиллагаа эхэллээ.  

2009 онд ажлынхаа гарааг эхлэхдээ үерт урссан хоёр настай, таван хүүхдийн амь насыг аварсан Баянзүрх дүүргийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагч Э.Баттулгад Онцгой байдлын ахмад цолоор, Онцгой байдлын салбарт 11 дэх жилдээ ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгч Б.Отгондэлгэр ахлах ахлагч цолоор мөрдэсээ  мялаалгав. Энэ жилийн эхний 11 сарын байдлаар тусламж хүссэн 400 гаруй дуудлага хүлээн авч, 100 орчим хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2015 оны шилдгээр шалгарч, шагнал гардан авлаа. 1999 онд “Сор” компани, Гутлын үйлдвэр, гурав, дөрөвдүгээр  станцуудад гарсан гал түймрийг унтраалцаж явсан гал сөнөөгч Ч.Цогтбаяр өнөөдөр Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн захирагч, хурандаа болтлоо дэвшиж,  30 гаруй жил онцгой байдлын салбарт ажиллахдаа тухайн үеийн хүнд нөхцөлөөс улсын өмчийн олон сая төгрөгийн эд хөрөнгө, олон хүний амь насыг галаас аварснаа дурсан ярилаа.мартдаггүй 

2015 онд нийслэлийн Онцгой байдлын газарт тусламж хүссэн 3840 дуудлага бүртгэгджээ. Ялангуяа зуны улиралд бага насны хүүхэд усанд осолдсон, өндөр барилга дээрээс унах гэж завдсан, бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдож, цонхон дээрээсээ унах гэж байсан, том талбай хэмжээг хамарсан ахуйн гал, ой хээрийн түймрийн дуудлага олноор ирсэн байна. Дээрх бүртгэгдсэн дуудлага бүрд онцгойгийнхон очиж ажиллаад 684 хүний эрдэнэт амийг, 5.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшиг, ослоос аварчээ. Энэ онд тус салбарт нийт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улс, нийслэлийн төсвөөс гаргаж, ой хээрийн түймэртэй улаан гараараа тэмцдэг байсан авран хаагчдыг зориулалтын гал унтраах машинтай болгож өгчээ. Мөн усанд осолдож, живсэн нэгнийг аврахын тулд хийлдэг завь, хамгаалалтын хантаазнаас өөр багажгүй байсан албан хаагчдыг олон улсын стандартад нийцсэн тийрэлтэт, усны моторт завьтай болгосныг Нийслэлийн ОБГ-ынхан ажлын амжилтад нөлөөлсөн гэцгээв.Онцгой байдлынхан энэ оноо амжилт дүүрэн үдэж байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ