Гадаад валютын албан нөөц гурван тэрбум долларт хүрээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-09 11:15:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын гадаад валютын нөөц өмнөх жилийн мөн үеэс 2 дахин өсөөд байна.
Төв банкнаас мэдээлснээр долдугаар сарын байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сард 3 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь 2013 оны тавдугаар сараас хойш дээд түвшинд хүрсэн нөөц бүхий үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл гадаад валютын албан нөөц өмнөх жилийн мөн үеэс 2 дахин өсөөд байна. Үүнд дэлхийн зах зээл дахь эрдэс түүхий эдийн үнэ нэмэгдсэн, Оюутолгойгоос аваад уул уурхайн компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн,

ОУВС-гийн өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 167 сая ам.доллар манай улсад олгосон зэрэг нь эерэгээр нөлөөлсөн.
Цаашид төлбөрийн тэнцлийн ашиг өсөх хандлагатай байна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл мэдээллээ.
Б.Болд
Холбоотой мэдээ