БНСУ-ын сэтгүүлчид Дорноговь аймагт зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2018-06-25 12:39:48
Дорноговь /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилж байгаа БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Чон Гю Сон тэргүүтэй сэтгүүлчид зургадугаар сарын 23-24-нд Дорноговь аймагт зочилж, орон нутгийн сэтгүүлчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гю Сон Сайншанд сумын “DSB” телевиз, “Миний нутаг 101.5” радиогийн байранд зочилж  монгол инженерийн гараар бүтсэн кран, тв промпт, шууд дамжуулалтын төхөөрөмж зэргийг үзсэн юм. Нийт 51 сая хүн амтай Солонгос Улсын мэргэжлийн сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагын  ерөнхийлөгчид  монгол инженерийн өөрийн гараар бүтээсэн телевизийн  тоног төхөөрөмж, хичээл зүтгэл ихэд таалагдсан байна.
Тэрээр “Миний нутаг 101.5” радиогийн байрны зочдын дурсгалын хананд өөрийн гарын үсгээ зурж телевизийн захирал Б.Зоригтбаатарт талархал илэрхийлж амжилт хүссэн юм. Тус телевиз нь 2008 онд байгуулагдсан бөгөөд орон нутгийн иргэдэд мэдээ мэдээлэл хүргэхээс гадна “ДДШ” сувгаар орон даяар мэдээллээ хүргэдэг.
Харин “Миний нутаг 101.5” радио 2003 онд байгуулагдсанаас хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж иржээ. Мөн Солонгосын сэтгүүлчид тал нутгийн аж амьдралыг үзэж дэлхийн энергийн төв гэгдэх Хамарын хийд, Шамбалын орноор аялав.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ