Тeндeрийн хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-22 00:16:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Тeндeрийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Төслийн үзэл баримтлалын талаар төсөл санаачлагч гишүүн Л.Элдэв-Очир, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулав.

Дээрх хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарсаар байгаа төдийгүй хууль, шүүхийн байгууллагад хандсаар байгаа аж. Дээрх хууль нь зарим гажуудлыг бий болгож байна гэж үзэн өөрчлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн буруу зохицуулалтын улмаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах явдал байсаар байна. Хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотой тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч буй явдлыг зогсоох зорилгоор чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгож холбогдох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хандлагыг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бий болгох зэрэг хэдэн хэдэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Төсвийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Цогзолмаа нарын зүгээс тендерийн маргааныг тодорхой хугацаа зааж шийдвэрлэх, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих үүднээс дотооддоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний жагсаалт гаргах зэргээр хуулийн төсөлд нарийн тусгах шаардлагатай байна гэв. Мөн Д.Тогтохсүрэн гишүүн хамгийн бага үнэтэй тендерийг хамгийн сайн гэж ойлголтын гажуудлыг засах,  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирж байгаа хуулийн төсөлтэй нэгтгэж, хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг тус тус хэлж байлаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79,5 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ