ДАШТ-ий хөгжөөн дэмжигчид Москва хотод тодорхой хөнгөлөлтүүд эдэлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-13 09:26:16
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-д 2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ эхлэхэд нэг хоног үлдлээ. Москва, Санкт-Петербург, Калининград, Нижний Новгород, Волгоград, Казань, Самара, Саранск, Ростов- на-Дону, Сочи, Екатеринбург зэрэг ОХУ-ын томоохон 11 хот нэг сарын хугацаанд хөл бөмбөгөөр амьсгалж, хөгжөөн дэмжигчдийн хөлд дарагдана.
 
Нийслэл Москва хотод ДАШТ-ий нээлт, хаалт болон голлох 12 тоглолт явагдана. Тэгвэл ДАШТ-ий аль нэг тоглолтын тасалбартай үзэгчид буюу хөгжөөн дэмжигчийн үнэмлэхтэй үзэгчид, ФИФА, ДАШТ-ий хэвлэл мэдээлэл болон сайн дурын ажилтнууд Москва хотод нэг сарын хугацаанд тодорхой хөнгөлөлтүүдийг эдлэх юм. Тодруулбал хотын нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчиж, музей, үзэсгэлэнгээр 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэхээс гадна Горькийн болон Зарядье соёл амралтын хүрээлэнгийн ресторануудад хөнгөлөлттэй хооллох боломжтой.
 
ДАШТ-ий үеэр тус хотод нийт 6 мянган сайн дурын ажилтан ажиллаж хөгжөөн дэмжигчид, гадны зочдод орос, англи хэлээр нийтийн тээвэр, аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, эмнэлгийн тусламж үзүүлж мэдээ мэдээллээр хангах юм.
 
Түүнчлэн ДАШТ-ий голлох объектуудыг тэмдэглэсэн 300 орчим том, жижиг тэмдэглэгээг Москва хот даяар байрлуулж, 6 хэлээр Москва хотын дэлгэрэнгүй хөтөч буюу танилцуулгыг онгоцны буудлаас эхлэн олон нийтийн газруудаар тарааж буй юм.
 
Эдгээр өдрүүдэд Москва хотын төв Улаан талбай болон хотын 9 цэгт ДАШТ-д зориулсан Хөлбөмбөгийн парк ажиллаж, уг спорттой холбоотой сонирхолтой арга хэмжээ олноор болох  бөгөөд ДАШТ-ий үеэр олны аюулгүй байдлыг хангахаар 1200 техник хэрэгсэл, 33 мянган цагдаа, хамгаалагч ажиллах юм.
Дашрамд дурдахад ДАШТ-ий тоглолтыг цэнгэлдэх дотроос үзэх боломжгүй үзэгчид Москва хотын Воробьевы уулан дахь 25 мянган хүний багтаамжтай Хөгжөөн дэмжигчийн наадмын талбайд байрлуулсан аварга том дэлгэцээр ДАШТ-ий бүх тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Л.Нандиа
 
 

Холбоотой мэдээ