Т.Сүхбаатар: “3D puzzle” хүүхдэд тун тохиромжтой тоглоом

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-07 18:05:51
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ зуун” сургуулийн орос хэлний багш Төмөрийн Сүхбаатар 3D Puzzle буюу цаасан эвлүүлгээр бүтээл урлагч. Өөрийн гараар урласан цаасан эвлүүлгийн бүтээлээрээ гэрээ чимсэн нь нүд булааж, сонирхол татна. Түүний цуглуулган дунд дэлхийн алдартай уран барилгууд ч бий. Зочин маань бас орос, англи хэлтэй, хөлбөмбөгийн “улаан фанат” л даа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Намайг Т.Сүхбаатар гэдэг. Багш, орчуулагч мэргэжилтэй. Эхнэр хүүхдүүдүүдийн хамт амьдардаг.

-Таны хийсэн бүтээлүүд тун содон, гойд сайхан санагдлаа. Хэзээнээс энэ төрлийг сонирхож эхлэв ээ?
-Таван жилийн өмнөөс анх сонирхож хийж эхэлсэн. БНХАУ-ын Тянь-Жин боомтод явж байтал ийм тоглоом зардаг дэлгүүрийн гадаа Дубайн цамхагийг метр хэртэй томоор хийсэн байсныг хараад их гоё санагдсан. Тэгээд нэг эвлүүлэг худалдаж аваад түүнээсээ санаа авч хийдэг болсон доо.

-Их чимхлүүр ажил бололтой. Хийхэд нэлээн ярвигтай биз?
-Нарийн ажиллагаатай. Жишээ нь, би далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг бүтэн зургаан цагийн турш хийж байлаа. Нэг л зүйлийг дутуу орхичихвол бүтээл болохгүй. Олон жижиг хэсгүүдийг яг дугаар номероор нь хийхгүй бол болдоггүй юм билээ.

-Эфель, Бранданбургийн хаалга, Цагаан хэрэм, Эрх чөлөөний ордон, Лондон таур гээд уран барилгын бүтээлүүд хийж. Өөрөө архитетур сонирхдог уу?
-Үгүй, үгүй. Түүхэн дурсгалт байгууламжуудыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эхлээд бүтээлээ судална. Үүх түүхийг нь мэдэж байж бусдад таниулна шүү дээ. Энэ үүднээс алдартай барилга байгууламжуудыг хийсэн. Цаашид дэлхийн хамгийн алдартай цэнгэлдэх хүрээлэнгүүдийг хийх бодолтой байгаа.

-Бүтээлээрээ гэрээ чимсэн чинь сайхан харагдаж байна. Зарж борлуулж байна уу?
-Зардаггүй юм аа. Өөртөө зориулж хийдэг. Заримдаа хүнд бэлэглэчихнэ. Бэлгэнд өгөх зорилгоор нэлээдийг хийсэн.

-Үнэ хөлсний хувьд ямаршуухан байдаг юм бол?
-Хэмжээнээсээ шалтгаалж өөр л дөө. Урд бол хямд байдаг. Хотод арай үнэтэй юм билээ. Дунд зэргийнх нь 70 орчим мянга, том нь зуу мянга гараад явчихдаг юм.

-Ийм бүтээлийн онцлог нь юу вэ?
-Манайд сүүлийн үед хүүхэд залуус ихээхэн сонирхдог болсон байна лээ. Хүүхдэд их тохиромжтой тоглоом. Сэтгэн бодох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тун тустай гэж би боддог. Дээр нь түүх, газар зүйн мэдлэгийг ч давхар олгоно. Жишээ нь, Бранденбургийн хаалгыг хийлээ гэхэд энэ хаалга хаана, аль улсад байдаг гэдгийг мэддэг болно шүү дээ.

-Таныг бас спорт сонирхдог гэж дуулсан. Жинхэнэ хобби чинь хөлбөмбөг гэл үү?
-Тийм ээ. Би Нидерландийн шигшээ багийн фанат шүү дээ. Хөлбөмбөг бол багаар ажиллахын гайхамшгийг жинхэнэ харуулдаг үнэхээр сайхан спорт. Тун удахгүй дэлхийн аваргын тэмцээн хойд хөршид эхлэх гэж байна. Очиж үзэх санаа байгаа. Эхнээсээ Дорнодын фанатууд төлөвлөгөө гаргачихсан дуулдсан.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Улам олон бүтээл хийхийг хүсье.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ