Голомт, ХААН банк ОХУ-ын ЭКСАР хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-07 17:25:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтын талаар Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар мэдээлэл хийв.

Чуулга уулзалтын албан ёсны нээлт болон Монгол, Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагааны салбар хуралдаан болон Дэвшилтэт техник технологийн үзэсгэлэн  амжилттай болсныг Б.Энх-Амгалан гишүүн  мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Чуулга уулзалтын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, нисэхийн салбар хуралдаан Шангри-Ла зочид буудалд болно. Эдгээр чуулга уулзалтад ОХУ-ын хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарын 90 гаруй компанийн 270 гаруй төлөөлөгч оролцож байгаа. Монгол, ОХУ-ын Стратегийн харилцааг шинэ түвшинд хүргэх, худалдаа, эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллааг өргөжүүлэхэд чуулга уулзалт чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, маргааш буюу энэ сарын 08-нд олон жил ярьсан тарифын буюу “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурна” хэмээв.

Чуулга уулзалтын хүрээнд Монгол, Оросын залуу жүдочдын нөхөрсөг тэмцээн, залуу зохион бүтээгчдийн үзүүлэн тоглолт энэ сарын 08-нд Сүхбаатарын талбайд болно. Мөн 100 жилийн түүхтэй И.Моисеевын нэрэмжит Академик чуулгын тоглолт өнөөдөр, маргааш Соёлын төв өргөөнд болох юм.



Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Голомт, ХААН банк болон ОХУ-ын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг (ЭКСАР) хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголтын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ