Египет залуу ДАШТ-ийг үзэхийн тулд 5000 км замыг унадаг дугуйгаар туулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-05 14:39:30
МОСКВА. /ТАСС/. Гэрэл зурагчин мэргэжилтэй, хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч 24 настай Мохамед Нуфал сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгарч үлдсэн улсынхаа шигшээ багийг дэмжихийн тулд дугуй унан Орос улсыг зорьжээ. Одоо тэрбээр Беларусь улсад явж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Смоленскийн районоор дамжин Оросын хилээр нэвтрэхээр төлөвлөж байна.

Нуфал 4 дүгээр сарын 7-нд Каир хотын Тахрирын талбайгаас аяллын гараагаа эхлэхэд нь түүнийг ээж нь үдэн гаргаж өгчээ.  Тэрбээр 5 дугаар сарын 31-нд Орост очихоор төлөвлөж байсан боловч замд дугуй нь эвдэрсэн байна. “Энэ бол ДАШТ-ийг үзэх гэсэн зүгээр нэгэн аялал биш ээ. Шинэ газар орон үзэх боломжийг надад хувь тавилан олголоо. Зөвхөн тэмцээн үзэх зорилготой байсан бол би онгоцоор явах байлаа” хэмээн Нуфал ярилаа.

Мохамед бол нэлээд туршлагатай аялагч аж. “Орос руу аялах тухайгаа гэрийнхэндээ хэлэхэд тэд маш их баярлаж, намайг дэмжсэн. Өмнө нь би 2017 онд Габон улсад болсон Африкийн цомын тэмцээнд шигшээ багаа дэмжихийн тулд 5 улсын нутгаар дамжин 90 хоног дугуйгаар аялж байсан” гэж тэрбээр дурсан ярьсан юм.

Нуфал эх орноосоо гараад Иордан улсын нийслэл Амман хотод иржээ. Цаашаа Сириэр дамжин явах ёстой байсан боловч тэнд нөхцөл байдал түгшүүртэй байгаа учраас Болгарын Софи хот руу онгоцоор ниссэн байна.

Хэдийгээр бэлтгэлээ сайтар хангасан боловч Украины хил дээр очих үед нь визний асуудал үүсч, аяллыг нь золтой л тасалдуулсангүй. “Би өдөрт дунджаар 80 км замыг туулж байсан. Миний хувьд аяллынхаа маршрутыг өөрчилнө гэдэг л маш хэцүү байлаа. Визний асуудлаас болж Украины нутгаар дамжин явж чадсангүй. Иймээс хэсэг хугацаанд Бухарестад саатахад хүрсэн. Ингээд Бухарестаас Беларусь улсад онгоцоор нисч очоод тэндээс аяллынхаа сүүлчийн үе шатыг эхэлсэн “хэмээн Мохамед ярилаа.

Аялах явцдаа тэрбээр мөнгөө хэмнэхийг хичээж байсан хэдий ч  энэ нь түүний спортын сонирхолтой л холбоотой гэнэ. Аяллын зардал нь 20 мянга орчим ам.доллар болох төлөвтэй байсан боловч бодит байдал дээр хамаагүй хямд тусчээ. Учир нь, ихэнх улс оронд египет залууг хүндэтгэн угтаж, хоноглох газар олж, хоол хүнсээ базаахад нь хүмүүс түүнд тусалж байв. Хүмүүс гэр орондоо урьж байснаас гадна тэрбээр радио, телевизэд зочилжээ.

Мохамед 7-ны өдөр Москвад ирэх ёстой. Гэхдээ түүний аялал үүгээр дуусахгүй юм. Тэрбээр 15-нд Екатеринбург хотод болох Египет-Уругвайн хэсгийн тоглолтын тасалбарыг худалдан авснаас гадна Москва, Санкт-Петербург, Волгоград, Грозный хотуудад очих ажээ.

Уругвайчуудаас гадна Оросын шигшээ баг /19/VI/, Саудын Аравийн шигшээ баг /25/VI/ нь египетчүүдийн өрсөлдөгчид билээ. “Харамсалтай нь, би Оросын багийн талаар бараг мэдэхгүй. Гэхдээ Оросын хөлбөмбөгчид шилдэг 16-д үлдэх эрхийн төлөөх тоглолтод Египетийн багтай маш ширүүн өрсөлдөх нь ойлгомжтой” хэмээн Мохамед ярилаа.

Тэрбээр Египетийн шигшээгийн тоглогчдын хамт тусгай нислэгээр эх орондоо харихаар төлөвлөжээ.
 
Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ