ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариу хориг тавих хууль батлав

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-05 10:20:07
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ болон бусад найрсаг бус харилцаатай улсын эсрэг авах хариу хоригийн хуулийн төслийг энэ сарын 4-ний өдөр баталлаа. ОХУ-д аливаа хуулийн төсөл Холбооны хэмжээнд мөрдөх хууль болтлоо Төрийн Дум, Холбооны Зөвлөл, ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн гурван дамжлага дамждаг. 
 Өнгөрөгч 4 дүгээр сард АНУ ОХУ-ын эсрэг хоригийн жагсаалтаа нэмэгдүүлсэн. Тэрхүү хоригт ОХУ-ын томоохон 7 компани, 17 төрийн албан хаагч, 12 хувийн байгууллага өртсөн юм. Тиймээс Төрийн Думын хэдэн депутат хариу хориг тавих хуулийн төсөл санаачилж, сар гаруй хугацааны дотор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  баталлаа.
 Уг хуульд АНУ-д үйлдвэрлэгдсэн эм, архи, тамхи, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, улсын захиалгаар үзүүлэх үйлчилгээг зогсоох буюу хязгаарлах, АНУ-ын хэд, хэдэн иргэний ОХУ-д зорчих эрхийг хаах, ОХУ-д амьдарч буй АНУ-ын иргэдийг ажиллах эрхийг хязгаарлах, АНУ болон бусад улсаас технологи, компьютерийн программ нэвтрүүлэхгүй байх, пуужин, онгоц угсралт, цөмийн салбарт ОХУ-ын хуулийн этгээд АНУ-тай хамтран ажиллахыг хязгаарлах, АНУ-ын онгоцыг чиглүүлэх үйлчилгээний хураамжийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн заалт багтжээ. ОХУ-д үйлдвэрлэгддэггүй, зайлшгүй шаардлагатай бараа, бүтээгдэхүүнд уг хууль үйлчлэхгүй болохыг шинэ хуульд мөн заажээ.
 
Л.Нандиа
     
 

Холбоотой мэдээ