“Жаргалтай хөл” марафон гүйлтийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-01 11:55:21
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих ажилд олон нийт, залуучуудын оролцоог сайжруулах мөн спортын арга хэмжээгээр дамжуулан биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх сайн үйлсийн аянд оролцох боломжийг олгох зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Говь-Алтай аймагт “Жаргалтай хөл” марафон гүйлтийн тэмцээн болов.  
 
Тэмцээн гурван километрийн спорт алхалт, таван километрийн марафон гүйлт болон хүүхдийн 300, 600 метрийн ангиллаар зохион байгуулагдсан ба нийт 140 тамирчин бүртгүүлсэнээс 70 гаруй нь хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
 
Уг тэмцээнийг аймгийн “Жаргалтай гар” ТББ, “Алтайн мэдээ” сонин, “Гоо даль” групп санаачлан аймгийн ЗДТГ, Аймгийн залуучуудын холбоо, Цагдаагийн газар, Залуучууд хөгжлийн төв, БТСГ, Нэгдүгээр сургууль, Улаан Загалмай Хороо хамтран зохион байгуулсан юм. “Хоёрдахь жилдээ зохиогдож буй марафон гүйлтэд оролцсоноор аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бага олимп”-д оролцох боломжийг нь бүрдүүлэхэд туслах сайн үйлсийн аянд нэгдэж байгаа юм” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
 
Харин оролцогчид "Насны хязгаар заагдаагүй учир оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй бөгөөд гэр бүлээрээ нэгэн өдрийг спортоор хичээллэн өнгөрөөх боломж бүрдсэнээрээ давуу талтай байлаа" хэмээн оролцогчид илэрхийлсэн юм. 
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ