Палестин Химийн зэвсгийг хориглох байгууллагын гишүүн болов

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-24 09:52:40
ГААГ. /Ройтерс/. Нидерландын Гааг хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллагад /ХЗХБ/ Палестин албан ёсоор гишүүнээр элссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Олон улсын байгууллагууд, тухайлбал ХЗХБ-д гишүүнээр элсэх ажлыг хурдасгана гэж Палестины удирдагч Махмуд Аббас энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан юм.

Палестиныг ХЗХБ өчигдөр албан ёсны гишүүнээрээ бүртгэж авсан байна. Ингэснээр тус байгууллага нь Палестиныг гишүүнээрээ элсүүлсэн анхны олон улсын байгууллага боллоо.

Палестинчууд нь олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авахыг эрмэлзэж байгаа юм. Тухайлбал, энэ сард АНУ Израиль дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлснийг эсэргүүцэн жагссан палестинчууд руу Израилийн хүчнийхэн гал нээн 63 хүний аминд хүрсэн хэргийг шалгаж өгөхийг Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээс Палестин хүсэж байгаа юм. Палестинчууд нь Иерусалим хотыг “ирээдүйн төрт улсынхаа нийслэл” гэдэг билээ.

Ажиглагчдын үзэж буйгаар, ХЗХБ Палестиныг гишүүнээр элсүүлснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа эрс эсэргүүцэж магадгүй. Олон улсын байгууллагуудад элсэх гэсэн Палестины оролдлого нь Израильтай энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхэд саад болж байна гэж АНУ үздэг юм.
 
Г.Доржханд

 



Холбоотой мэдээ