Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна

Дэлхийд | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2018-05-23 10:16:41
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улс эдийн засгаа илүү тэлж өргөжүүлэхийн тулд импортын автомашин болон автомашины эд ангиудад ногдуулдаг гаалийн татварын хэмжээг бууруулахаар төлөвлөж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг гэгддэг Хятад болон АНУ худалдааны маргаанаа шийдвэрлэх арга замуудыг авч хэлэлцэж буй энэ үед уг мэдээлэл гарч байна.

Хятад улсын Сангийн яамнаас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, импортын автомашинд ногдуулдаг гаалийн татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлэн 15 хувь болгож бууруулах аж. Одоогоор тус улс импортын суудлын автомашин болон автобусуудад 25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол ачааны машинд 20 хувийн татвар ногдуулж байгаа юм. Харин автомашины эд ангиудад одоогоор 8-25 хувийн гаалийн татвар ногдуулж байгаа бол үүнийг ердөө 6 хувь болгож бууруулах юм байна.

Улс орныхоо зах зээлийг илүү өргөжүүлэх хүчин чармайлтын хүрээнд импортын бараа бүтээгдэхүүнүүдийн гаалийн татварыг бууруулахаар төлөвлөж байгаагаа БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн сард зарласан юм.

АНУ-ын Хятадтай хийж буй худалдааны алдагдлыг багасгахын тулд Америкаас Хятад руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхээр тус хоёр улсын нөлөө бүхий албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрсэн билээ.

Өнгөрсөн онд АНУ-аас Хятад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний 8 орчим хувийг автомашины эд ангиуд эзэлсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ