Дэлхийн хүн амын 46 хувь нь гэрээсээ интернэтэд ордог болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-01 13:56:02

ЖЕНЕВ. /TASS/. 2015 оны эцэс гэхэд манай гарагийн оршин суугчдын 46 хувь нь гэрээсээ интернэтэд холбогддог болно. Өнгөрсөн онд дэлхийн хүн амын 44 хувь нь гэртээ интернэтэд ордог байсан бол таван жилийн өмнө энэ үзүүлэлт 30 хувьтай байжээ. Энэ тухай НҮБ-ын мэргэшсэн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны  Женевт нийтэлсэн тайлан мэдээнд дурдсан байна.

Тус байгууллагын судалгаанд дурдсанаар, одоогийн байдлаар 3.2 тэрбум хүн интернэт ашигладаг аж. Дэлхийн хүн амын 95 гаруй хувь нь гар утастай болсноор гар утаснаасаа интернэтэд ордог хүний тоо бараг 7.1 тэрбумд хүрсэн байна.

Үүний зэрэгцээ сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, интернэт ашиглалтын өсөлт удааширчээ. Энэ онд дэлхий даяар уг үзүүлэлт 6.9 хувьтай байсан бол 2014 онд 7.4 хувьтай байжээ.

Дэлхийн улс орнуудад мэдээллийн харилцаа холбооны технологи /МХХТ/ тэнцвэртэй хөгжиж байгаад шинжээчид анхаарлаа хандуулж байна. Аж үйлдвэржсэн орнуудын нийт айл өрхийн 81.3 хувь нь, хөгжиж буй орнуудын хувьд 34.1 хувь нь интернэтэд холбогджээ. Харин НҮБ-ын буурай хөгжилтэй орнуудын тоонд оруулсан 48 улсад энэ үзүүлэлт ердөө 6.7 хувьтай байна.

2020 он гэхэд дэлхийн нийт айл өрхийн 56 хувь нь интернэтэд холбогдоно гэж шинжээчид урьдчилан таамаглаж байгаа аж. Гэхдээ хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад энэ үзүүлэлт доогуур буюу 45 хувь болон 11 хувьтай байх төлөвтэй байна.

Олон улсын цахилгаан холбооноос гаргасан МХХТ-ийн хөгжлийн индексийн нэгдүгээрт Өмнөд Солонгос орсон байна. 167 орон багтсан уг жагсаалтын эхний тавд мөн Дани, Исланд, Их Британи болон Швед улс бичигджээ. Япон улс 11 дүгээрт орсон бол АНУ 15 дугаарт, Хятад 82 дугаарт, Энэтхэг 131 дүгээрт бичигдсэн бол жагсаалтын сүүлийг Чад /167/, Эритрей /166/, Этиоп улс /165/ мушгижээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ