Хилийн чанадад сурч буй Монгол оюутнууд Москвад чууллаа

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-05-08 12:24:15
Москва /МОНЦАМЭ/. Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын "Москва- 2018" чуулга уулзалт ”Боловсрол, тэтгэлэг, карьер, стартап” сэдвийн хүрээнд энэ сарын 7-ны өдөр Москва хотноо боллоо. 

ОХУ, Европын орнуудад сурч буй монголын 100 гаруй оюутан залуус оролцсон уг чуулганыг Монгол Улсын ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, ОХУ дахь Монгол ахан дүүсийн холбоо “Мөнх Тэнгэр” ТББ хамтран зохион байгууллаа. 
 
Чуулганыг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ц.Баттөмөр нээв. “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Мөнх Тэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан, Оросын үндэстнүүдийн холбооны орлогч захирал А.Назиржон, “Юнител” группын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г.Мягмаржав тэргүүтэй төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлэв.
 
"Юнител" группын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г.Мягмаржав “Амжилтад хүрэх 8 зөвлөгөө” сэдэвт илтгэл хэлэлцүүлж өөрийн туршлагаас оюутан залуустай хуваалцсан юм. Түүнчлэн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ болон ОХУ-д суралцаж буй оюутан залуусын төлөөлөл чуулганы сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцлаа.
 
Дэлхийн 30 гаруй оронд Монголчуудын 150 орчим байгууллага бий. Тэд бүгд нэг сүлжээнд нэгдэж,
“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын гишүүн байгууллага болон үйл ажиллагаа явуулж
байгаа аж. Энэ байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалахад орших бөгөөд нийгэм, соёл урлаг, аялал жуулчлал, бизнесийн хөгжил, оюутан залууусын гэсэн 5 хороотой. 2017 оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хилийн чанад дахь Монголчуудын анхдугаар чуулга уулзалт болсон. Тэрхүү чуулга уулзалтаар хилийн чанадад сурч буй оюутнуудын нэгдсэн бүртгэлийн систем бий болгох асуудлыг хөндсөн. Нэгдсэн мэдээллийн сан бий болсноор хаана, хичнээн оюутан ямар чиглэлээр сурч байгааг мэдэх, цаашлаад ажил олгогч, оюутныг холбосон платформ болон хөгжих боломжтой болжээ. 
"Өнөөдрийн чуулганаар бид ямар нэг асуудлыг шийдвэрлэхгүй байж болно, гэхдээ оюутан залууст тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх чухал ач холбогдолтой. Хурлаар хөндөгдсөн асуудлууд төр засгийн байгууллагуудад тавих санал, шаардлага болох юм. Одоо бид “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд "Гадаадад сурч буй оюутан залуусын дадлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр гадаадад сурч буй оюутнуудад эх орныхоо Төрийн болон ТББ, ААН-д дадлага хийх боломжийг олгох юм” хэмээн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ хэллээ. 
Оросын үндэстнүүдийн холбооны орлогч захирал А.Назиржон чуулга уулзалтад оролцож амжилт хүссэн. Монголын ”Мөнх Тэнгэр” ТББ нь тус холбооны идэвхтэй гишүүний нэг. Эдгээр залуусаар дамжуулан Монголын соёл, ёс заншил, түүхийн талаарх мэдлэг мэдээллээ зузаатгадаг. Өнөөдөр дэлхийн олон оронд сурч буй монгол оюутнууд Москва хотноо чуулж, санал бодлоо солилцож байгаа нь маш  чухал үйл явдал хэмээн тэмдэглэв. 
Оюутнууд ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлгийн хуваарилалт, оюутнуудын эрүүл мэндийн даатгал, сар бүрийн тэтгэмж, мэргэжил сонголт зэрэг асуудлаар багагүй санал санаачилга дэвшүүлснийг чуулганы протоколд тусган холбогдох газруудад хүргүүлэхийг зохион байгуулагчид онцоллоо.
Л.Нандинцэцэг
 

Холбоотой мэдээ