Үүлэнд зориудаар нөлөөлснөөр Хөвсгөлийн ихэнх нутгаар цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-08 10:17:41
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын "Мөрөн бороо-1" экспедиц өнгөрсөн шөнө 02 цаг 10 минутанд Цагаан бургасын давааны аманд түр байрлаж тунадас нэмэгдүүлэх зорилгоор 3 пуужин харвасны үр дүнд Рэнчинлхүмбэ Цагааннуураас бусад бүх суманд 0,5-18 см цас оржээ. 

“Явуулын экспедиц Мөрөн, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган гэсэн сумдын нутаг дахь үүлний шилжилтийн дагуу тунадас нэмэгдүүлэх арга хэмжээг авчээ. Өглөөний 10 цагийн байдлаар Цэцэрлэг, Баянзүрх суманд цас ороогүй онгойсон байгаа бөгөөд өдөртөө зүүн тийшээ шилжиж үдээс хойш нийт нутгаар хур тунадас орохгүй тэнгэр цэлмэнэ” гэдгийг Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Адъяасүрэн мэдээллээ. Энэ сарын 7 буюу өчигдрийн байдлаар тус аймгийн 6 сум хуурайшилтын 4-р зэрэг буюу түймрийн эрсдэл нэн их нэн аюултай, 15 сум хуурайшилтын 3-р зэрэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрсэн байсан бөгөөд тунадас нэмэгдүүлэх зорилготой үүлэнд нөлөөлсөн нь үр дүнтэй болж ихэнх нутгаар хур тунадас оржээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ