Хятад-Япон-Өмнөд Солонгосын удирдагчдын уулзалт нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-05-07 16:16:36
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад, Япон болон Өмнөд Солонгосын удирдагчид гурван талын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болоод хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах зорилгоор 2005 оноос хойшхи гурван талын анхны уулзалтыг энэ долоо хоногийн лхагва гарагт Японы нийслэл Токио хотноо хийх гэж байна гэж "Синьхуа" агентлаг мэдээлэв.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ нартай уулзаж хэлэлцээ хийхээс гадна Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.  Энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд Японд Хятадын Ерөнхий сайд айлчилсан анхны тохиолдол болох гэнэ.

Зүүн Өмнөд Азийн Улсуудын Холбоо буюу АСЕАН-ы хүрээнээс гадуур Хятад, Япон болон Өмнөд Солонгос гурван талын уулзалт хийж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байгаа бол тус гурван улс хамтран ажиллаж эхэлсний 20 жилийн ой ирэх онд тохиох ажээ.

Удахгүй болох гэж буй гурван талын хэлэлцээ нь Зүүн Азийн эдийн засгийн интеграцичиллыг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх дэлхийг хамарсан нээлттэй эдийн засгийг бий болгоход тусална гэж шинжээчид үзэж байна.
 
Өнгөрсөн жилүүдэд тус гурван талын хамтын ажиллагаа нэлээд үр өгөөжтэй байжээ. Гурван талын бизнес ба худалдааны хамтын ажиллагаанаас гадна боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрүүд эрчимтэй өргөжин тэлсэн байна. Мөн талууд хамтын ажиллагааны механизмуудаа аажмаар сайжруулж, олон салбарт хамтын ажиллагааны янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлжээ.

20 жилийн өмнө албан ёсоор эхлүүлж байсан тус гурван улсын хамтын ажиллагаа нь янз бүрийн шалтгааны улмаас өгсөж, уруудахын аль аль замаар явсан байна. Гэсэн хэдий ч газарзүйн хувьд ойрхон оршдог, соёл уламжлалын хувьд төстэй байдал нь гурван талын хамтран ажиллах хүсэл тэмүүллийг ямагт өдөөсөөр иржээ.

Солонгосын хойгт саяхан гарсан эерэг өөрчлөлт нь тус гурван улс хоорондын гурван талт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлж, бүс нутгийн энх тайван байдал, ард түмний аж амьдралд чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна. 
 
Удахгүй болох гэж буй уулзалт нь тус гурван талын хувьд дэлхий дахинд гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого баримтлах хандлага газар авч буй өнөө цагт дэлхийн чөлөөт худалдааг дэмжин дуу хоолойгоо нэгтгэх нэгэн боломж юм.
 
Шинжээчдийн хэлснээр, Ази-Номхон далайн бүс нутгийн гурван том тоглогч Хятад, Япон болон Өмнөд Солонгос нь бүс нутаг төдийгүй дэлхий дахины энх тайван ба тогтвортой байдлыг хангах, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжихэд онцгой үүрэгтэй улсууд билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ