“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-05-01 09:59:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор өнөөдрөөс орон даяар эхэллээ.

Жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан.Үүнээс хойш энэхүү баярыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил  ирэх тусам өргөжсөөр 15 дахь жилдээ зохион байгуулж буй юм.
Ерөнхий зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сан, хамтран зохион байгуулагчаар Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, М
УИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей болон аймаг орон нутгийн номын сан зэрэг боловсрол, соёлын байгууллагууд ажиллаж байна.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал
үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг шат дараатай зохион байгуулах юм.
Мөн үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах уралдаан, сургалтыг орон даяар явуулж байна. 
Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах “Үндэсний бичиг үсэг-2018” арга хэмжээ өнөөдөр Уран зургийн галерейд болох “Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар эхэлнэ. Харин албан ёсны нээлт энэ сарын 04-нд Үндэсний номын санд болох юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ