Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай Панмүнжомд уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-01 09:12:35
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалт болох магадлалтай газруудын дунд хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгон болон Сингапур бий гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Умард Солонгосын удирдагчтай Панмүнжом тосгоны Энхтайвны өргөө буюу Эрх чөлөөний ордонд уулзаж магадгүй гэдгээ Д.Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ цухуйлгажээ. Энэ газарт өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын удирдагчид түүхэн дээд хэмжээний уулзалт хийн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон билээ.

Мөн Кимтэй уулзаж болох газруудын тоонд Сингапур багтаж байгаа гэдгийг Д.Трамп хэлжээ.

Панмүнжомд дээд хэмжээний уулзалтыг хийх санааны талаар сэтгүүлч асуухад Д.Трамп “Панмүнжомд энэ уулзалтыг хийвэл ямар нэг гуравдагч талын оролцоо байхгүй. Харин ч сайхан болох бус уу?” гэж хариулаад, энэ уулзалт төлөвлөгөө ёсны дагуу амжилттай болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Цөмийн туршилтын талбайгаа хаана гэдгээ зарласантай нь холбогдуулан Ким Жөн Уныг Д.Трамп сайшаагаад “Ким илүү нээлттэй, илэн далангүй болж байна” гэжээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Трамп-Кимийн уулзалт болох магадлалтай газруудын тоонд Монгол ч багтаж байгаа билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ