Нийслэлийн 1.3 сая иргэний 14 хувь нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд газраа өмчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэдэд нэг удаа газар үнэгүй өмчлөх тухай хууль хэрэгжиж эхэлсний 15 жилийн ой маргааш буюу ирэх сарын 01-нд болно. Уг өдрийг угтан өнөөдөр БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-аас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдийн зорилт” форум зохион байгуулав.
Монгол Улсын иргэдийг өөрийн өмчийн газартай байх, түүнийгээ борлуулах, барьцаалах зэргээр эдийн засгийн үр шимийг хүртэх боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас 2002 онд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийг батлан, 2003 оны 5 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд уг хуульд 4 удаа өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ сарын 26-нд УИХ-аас хуулийн хугацааг дахин 10 жилээр сунгасан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэдийн 18.3 хувь нь газраа өмчилжээ. Анх 2002 онд уг хуулийг батлахдаа гэр бүлийн хэрэгцээнд буюу нэг өрхөд 0.7 га газар өмчлүүлэхээр заасан. Харин 2008 онд иргэн бүрт газар өмчлүүлэхээр өөрчлөлт оруулсан юм. Өөрөөр хэлбэл, гурван гишүүнтэй нэг өрхөд 0.7 га газар олгодог байсан бол 2008 оноос гурван гишүүн тус бүрт нь газар өмчлүүлэх болсон. Одоогоор Монгол Улсын 870 мянган өрхийн 63.8 хувь нь газраа өмчилсөн бөгөөд үүнийг нийт хүн амынхаа тоотой харьцуулахаар 18.3 хувь болж байгаа гэдгийг ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү хэлэлцүүлгийн үеэр дурьдлаа.


Тэрбээр, “Нийслэл, 21 аймгийн төвд орон сууцанд амьдарч байгаа иргэд болон малчид газар өмчлөөгүй байна. Малчид бол өвөлжөө, хаваржааныхаа газрыг өмчилдөггүй. Зөвхөн эзэмшдэг юм. Манай байгууллага газар өмчлөх хуулийг хугацаагүй хэрэгжүүлэх шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж шийдвэр гаргагчдад хүргүүлсэн. Гэвч зарим төрлийн тооцоо, судалгаа дутуу байгаа тул дахин боловсруулах ёстой хэмээн үзэж, эхний ээлжинд 10 жилээр сунгалаа. Цаашдаа дүүрэг болон сумын Засаг дарга нарт газар өмчлүүлэх эрх олгох, газар өмчлөх, эзэмшүүлэх ажлыг хот байгуулалт болон бусад салбарын төлөвлөгөө, бодлоготой уялдуулах ёстой. Нөгөөтэйгүүр гэр бүлийн иргэдэд нэг дор газар өмчлөх боломжийг судлах, энэ чиглэлд иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх орчинг бий болгох хэрэгтэй. Одоогоор Монгол Улс нийт 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийнхаа ердөө 0.39 хувийг л өмчлүүлсэн байна. 10 жилийн дараа Монгол улсын хүн ам 4 саяд хүрнэ гэж тооцоолоход бүх иргэндээ газар өмчлүүлэхэд 2.1 хувийг л эзлэх юм” гэлээ.


Нийслэлийн 1.3 сая иргэний 14 хувь нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд газраа өмчилжээ. Мөн 2015-2016 онд нийслэлийн 44 байршилд цахимаар газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулсны дүнд 69.8 мянган газартай болсон байна. Гэвч тухайн хэсэгт автозам, цахилгаан сүлжээ зэрэг дэд бүтцийн хөгжилгүйн улмаас өмчилсөн газартаа хашаа хатгасан нэг ч иргэн байхгүй гэдгийг Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун дурьдав.
Тэрбээр, “Нийслэлийн газрын албанаас дүүрэг бүрт “Газрын харилцаа” хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хүлээн авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Иргэдийн өмнө тулгамдсан асуудал нэн тэргүүнд дэд бүтэц. Хоёрдугаарт, зарим иргэд цахилгаан, дулааны шугам сүлжээ зэрэг хангагч байгууллагуудын хамгаалалттай газарт хашаа хатгасан байх тохиолдол байдаг. Гэвч цахилгаан, дулааны сүлжээтэй холбогдох хууль, эрхзүйн зохицуулалтаар хамгаалалтын бүсэд газар олгох ямар ч боломж байхгүй. Энэ мэт иргэдийн өмнө тулгамдсан асуудал олон бий. Цахимаар өмчлүүлсэн болон НИТХ-аас тогтоосон 60 суурьшлын бүст дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхгүй бол одоо нийслэлд шинээр өмчлүүлэх газар байхгүй” гэв.
Газар олголтыг хүртээмжтэй, зөв төлөвлөлттэй явуулахын тулд нэн тэргүүнд 21 аймаг болон бүх сумыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлах ёстой гэдгийг БХБ-ын дэд сайд Ш.Лхагвасүрэн дурьдсан. Түүнчлэн Засгийн газраас боловсруулсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогод шинээр төлөвлөсөн суурьшлын бүс, дагуул хотууд болон үйлдвэр, технологийн паркуудад тулгуурлан дэд бүтцийг хөгжүүлэх, газар олголтыг явуулна гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ