Физикийн улсын олимпиадад Улан-Үдээс зургаан багш, сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-26 20:56:49
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Физикийн улсын 31 дүгээр олимпиад Баруун-Урт суманд өнөөдөр эхэллээ. Олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 135 багш, сурагч мөн ОХУ-ын Улан-Үдэ хотын зургаан багш, сурагч оролцохоор иржээ. Харин Сүхбаатар аймгаас таван  багш, 13 сурагч оролцож байна.

Мөн урилгаар МУБИС-ийн Математик байгалийн ухааны тэнхимийн доктор Н.Сугар, ШУТИС-ийн ахлах багш Г.Зоригт, Сүхбаатар аймгийн уугуул, шинжлэх ухааны доктор академич Р.Тогоо гээд физикийн ухааны эрдэмтэн судлаач, багш нарын төлөөлөл 10 гаруй зочин уригдан иржээ. Харин олимпиадыг шүүхээр их дээд сургуулийн 25 багш ажиллаж байгаа аж.

Олимпиад ес, 12 дугаар анги, багш гэсэн ангилалд онол, туршилт гэсэн хоёр төрлөөр явагдах ба энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Олимпиадын нээлтийн өмнө оролцогчдыг аймгийн төвтэй танилцуулах, эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг, Баруун-Урт сумын ЕБС-ийн багш сурагчдын үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагджээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ