“Элэгний эмгэггүй Архангай 1” төсөлд дөрвөн тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-23 17:53:46
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлагаар Архангай аймагт “Элэгний эмгэггүй Архангай 1, 2” төсөл хэрэгжиж байгаа. Тус төслийн “Элэгний эмгэггүй Архангай 1” төсөл нь 2016 оны есдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд хэрэгжиж, хаалтаа хийлээ. Төсөл хэрэгжих хугацаанд санхүүгийн 9 эх үүсвэрээс 4 тэрбум 791,8 сая төгрөг заррцуулжээ.

Гилейд Сайнсис компаниас 3750,0 сая төгрөгийг өртөг бүхий 800 хүн тун эм, ЭМДаатгалаас 2 удаагийн тоолох шинжилгээнд 870,8 сая, Засгийн газраас түргэвчилсэн ELISA оношлуурт 37 сая, аймгийн ЗДТГ-аас эмч, мэргэжилтний илүү цагийн хөлсөнд 27,06 сая, аймгийн ЭМГ-аас сургалт, гарын авлага зөвлөх ажилд 8,9 сая, "Омбол" ХХК программ хангамж, өвчтөний карт хэвлүүлэхэд 20 сая, сумын ЭМТ-үүд хөвөн, спирт зэрэгт 6,5 сая, Нэгдсэн эмнэлгээс сорьц тээвэрлэх, шатахуун, бичиг хэрэгсэл, томилолтод 13,4 сая, Глобал сангаас вирус тоолох багажанд 58,2 сая төгрөгийг тус тус гаргаж ажиллажээ. 

“Элэгний эмгэггүй Архангай 1” төслийн хүрээнд аймгийн нийт хүн амын 40-65 насны 21700 иргэнийг С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулахаас 17601 буюу 81 хувь нь хамрагдсан. Үүнээс тоолох шинжилгээнд 3049 иргэнийг хамруулснаас 3046 иргэний шинжилгээний хариу ирсэн байна. 

Харин тоолох шинжилгээнд хамрагдсан иргэдээс элэгний С вирусын эмийн эмчилгээнд 1774 иргэн хамрагдахаас 1748 иргэн хамрагдаж, 1677 иргэний эмчилгээ дуусчээ. Эмийн эмчилгээ дууссан нийт хүний 99,7 хувь нь бүрэн эдгэрсэн байна. Мөн 36 иргэн элэгний өмөнгөө эрт илрүүлж, эмчилгээнд оржээ.

Нөгөө талаар төсөл хэрэгжсэнээр хүн амын дундах эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг нэмэгдсэн гэж үзсэн байна. Эмч, мэргэжилтнүүдийн тухайд С вирус илрүүлэх, эмчлэх чадвар сайжирсан, лабораторийн ажилчдад мэдлэг, ур чадвар, зохион байгуулалтын туршлага болсон, оношлогоо, эмчилгээ, судалгааны аргазүйн мэдлэг, чадавх дээшилсэн, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын ЭМТ-ийн багаар ажиллах чадвар нэмэгдсэн зэрэг олон үр дүнгүүд гарчээ.

Цаашид С вирус дахин халдварлах боломжтой тул түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, зан үйл өөрчлөх үйл ажиллагааг эрчимтэй, тасралтгүй зохион байгуулах, нөөц шийдэх шаардлагатай байгааг аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа мэдээлэлдээ дурдлаа.  
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ