АН-ын бүлэг хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-23 12:14:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тус бүлэг Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцож, огцруулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ тухайд бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлгээс танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-д оруулж ирэх шаардлагыг хүргүүлнэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа. Мөн тэрбээр Төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь иргэн Г.Алтантай эрх ашгийн хувьд холбоотой хэмээн яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтан түрээсийн байранд амьдарч байгаа нь магадлах ёстой асуудлуудын нэг гэж бид харж байгаа” гэлээ. 
АН-ын бүлгээс уул уурхай стратегийн ордуудын асуудлаар ажлын хэсэг байгуулсан тухай өмнө мэдээлж байсан. Тавантолгойн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Оюутолгойн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, "Эрдэнэт" үйлдвэрийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ахлахаар болсон байна. Ажлын хэсэг ирэх сарын 20-ны дотор эхний дүгнэлтээ бүлэгт танилцуулах юм байна. Түүнчлэн тус бүлэг хүүхдийн мөнгийг нийтэд нь олгох зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуудлуудаа тодруулж бүлгийн даргын байр суурийг тодотгосон юм.

-Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь сугалж огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргаж болохгүй гэх цэцийн дүгнэлт байдаг. Гэтэл бүлгээс Ерөнхий сайдад хоёр сайдыг огцруулах шаардалага хүргүүлж байгааг юу гэж ойлгох вэ? 

-Сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн гаргаж болохгүй учраас Ерөнхий сайдад шаардлага тавьж байгаа юм. Ерөнхий сайд аль сайдаа огцруулахаа өөрөө мэдэх ёстой. Хуулиар ч нээлттэй. 

-Эрдэнэт болон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулсан. Гэтэл танай намын бүлгээс тусдаа ажлын хэсэг гаргаж байгааг юу гэж ойлгох вэ?

-Тусдаа ажлын хэсэг гаргаж шалгах шаардлагатай. Бусад ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонх нь МАН-ын төлөөлөлтэй. Тиймээс бид дахин ажлын хэсэг байгуулаад яг бодит дүгнэлт гаргахаар ажиллана.
Б.Туул

Холбоотой мэдээ