МУИС-ийн оюутнууд барьцаагүй, хүүгүй сургалтын зээл авах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-20 11:18:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Суралцах эрмэлзэлтэй ч төлбөрөө төлж чадахгүйгээс болж, чөлөө авах  оюутны тоо цөөрөх нь. Учир нь МУИС болон Боловсролын зээлийн сан оюутнуудад барьцаагүй, хүүгүй сургалтын зээл олгох  хамтын ажиллагааны  гэрээг өнөөдөр байгууллаа.
 
Гэрээнд тус сургуулийн захирал Я.Төмөрбаатар,  Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн нар гарын үсэг зурав. Уг гэрээ нь “Оюутны хөгжлийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд оюутан суралцагчид төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй БСШУСЯ-ны сайдын батлуулсан шинэ дүрэм журмын дагуу МУИС, Боловсролын зээлийн сантай төрийн өмчийн их, дээд сургуулиудаас анх удаа гэрээ байгуулж хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр оюутнуудын хувьд маш таатай нөхцөл бүрдэж байна” гэв.

Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн “Оюутнуудыг санхүүгийн хувьд дэмжсэн, ямар нэгэн барьцаагүй, банк болон Боловсролын зээлийн сангаар дамжин зээл авах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшихдээ санхүүгийн асуудалгүй, ирээдүйн үнэ цэнэ, орлогодоо тулгуурлан сурах боломжтой зээлийн хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүлж байна. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын оюутнууд эл хөтөлбөрт хамрах боломжтой. Нөгөөтэйгүүр сурах эрмэлзэлтэй ч санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй оюутнуудад уг хөтөлбөр тустай. Энэ жил оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Энэ хүрээнд БСШУСЯ, Сангийн сайдын хамтарсан тушаалаар хяналтын тоог батлах ажил өрнөж байна” гэв.

Зээлд сургалтын төлбөрөө төлж амжаагүй, ирэх намар шинээр элсэн орох оюутнууд болон голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж буй бакалаврын шатлалын оюутан, голч дүн 3.2 болон түүнээс дээш суралцаж буй магистр, докторант, ЭЕШ-ын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгчид  зээлд хамарснаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр сурснаар ямар үр дүнд хүрэх тухай эссэ бичих аж. Энэ жилийн хувьд Боловсролын зээлийн сангаас 33 мянган оюутанд зээл олгохоор  төлөвлөжээ.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ