"Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ" анхдугаар чуулган боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-11-28 16:14:02

“Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ” чуулган Төрийн ордонд хоёр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. 

Чуулганд чуулганыг БСШУ-ны яам, харьяа агентлагууд, МУИС, ХААИС хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын туршлагатай зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, энтерпренёрүүд, бодлого тодорхойлогчид. Үндэсний бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, эрдэмтэн, судлаачид, их сургуулийн багш нар, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид зэрэг дотоодын 1000, гадны 20 төлөөлөгч оролцож, туршлага солилцов. Тухайлбал Хонконгийн “SQW China” компанийн захирал Гари Хо, АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн төлөөлөгч Катлин Кеннеди, БНСУ-ын "Сүн Чун Хянг" их сургуулийн Судалгаа Хамтын Ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ким Хак Мин, БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркийн (TUS Park) дэд ерөнхийлөгч Хэрбэрт Чен, Кувейтийн Шинжлэх ухааны судалгааны институтын ахлах зөвлөх бөгөөд xувьчлалын дээд зөвлөлийн гишүүн Салах Ал-Мазиди, Японы Шинжлэх ухаан, технологийн Агентлагийн Ерөнхийлөгчийн зөвлөх Мазуо Айзава зэрэг олон төлөөлөгч гадаад улсуудаас зорин ирж чуулганд оролцон, сонирхолтой илтгэл тавилаа. 
БСШУ-ны сайд Л.Гантөмөр чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр дэлхийд топ 100 компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлж байна. 2015 оны байдлаар Их 20-ийн орнуудын патентын идэвхижлийн судалгаанаас үзвэл нийт 12 цөм технологиос компьютер ба дагалдах төхөөрөмж, цахилгаан холбоо, машин автоматжуулалт, хагас дамжуулагч, эм, эмнэлгийн төхөрөөмжийн технологийн зах зээлийн идэвхжил нь харьцангуй өндөр түвшинд байна. Дэлхийд Азийн орнууд хамгийн өндөр инновацийн идэвхжилттэй байна. 
Энэ үед “Шинжлэх ухаан, технологи, инновацийн ЭКОСИСТЕМ” олон улсын чуулган зохион байгуулж байгаа нь онцгой ач холбогдолтой. Энэхүү чуулганы үргэлжлэл, үр дүн болж Шинжлэх ухааны парк байгуулагдснаар төр, шинжлэх ухаан, бизнесийн ашиг сонирхол уулзаж, судалгааны үр дүн хэрэглээ, бүтээгдэхүүн болж хамтран ажиллах, гадаадын шилдэг технологийн компаниуд орж ирэх үүд хаалга нээгдэнэ.
Удахгүй Монголоос Нобелийн шагналтан төрнө. Судалгааны эхний сайн үр дүнгээ зарлах үед дэлхий дахины хосгүй чадвартай эрдэмтэн судлаачид өөрсдөө ирж ажиллахыг хүсдэг болно. Тийм цаг үе, замыг дөт болгоход “Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем” олон улсын анхдугаар чуулган онцгой үүрэг гүйцэтгэж, шинэ цагийг эхлүүлж чадна гэдэгт итгэж байна” гэлээ. 
Мөн энэ сарын 18-ны өдөр дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон инновацийг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын Бостон хотноо Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейфтай хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурсан үйл явдал нь түүхэн ач холбогдолтойг Л.Гантөмөр сайд онцолж байв.  
Шинжлэх  ухаан  технологи,  инновацийн экосистемийн талаар салбарынхны санаа бодлоо илэрхийлж, туршлагаа хуваалцах уг чуулган нь олон улсын түвшинд анхлан болж буйгаараа онцлогтой байв.
 
Уулзалтын зорилго нь шинжлэх  ухаан,  технологийн бүсийн бүтэц,  зохион байгуулалт, менежмент  болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсад шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах байв.

Шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой манай орны эрдэмтэн, судлаачдын хувьд уг чуулга уулзалт нь мэдлэгээ нэмэгдүүлэх, туршлага солилцох томоохон арга хэмжээ боллоо. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ