"Хар сүлд" сэтгүүлчдийн клуб байгуулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-27 15:52:37

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, зэвсэгт хүчний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитой, хүртээмжтэй хүргэх, цэргийн албан хаагчдын нэр хүнд, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах, зэвсэгт хүчний чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн эгнээг өргөтгөх, мэргэшүүлэх зорилгоор ЗХЖШ-ын дэргэд "Хар сүлд" сэтгүүлчдийн клуб байгуулагдлаа.

Төвийн голлох хэвлэл мэдээллийн байгууллагад  ажилладаг, батлан хамгаалах, зэвсэгт хүчний чиглэлээр мэргэшин бичиж байгаа сэтгүүлчдийн төлөөллийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдах газрын дарга, бригадын генерал Д. Ганзориг, Иргэн цэргийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Т. Мөнхсаруул, "Соёмбо" сонины эрхлэгч, хурандаа Г.Нямдорж, тус сонины ахлах сурвалжлагч, дэд хурандаа Г. Баатарнум, сурвалжлагч, ахлах дэслэгч Д. Мэндбаяр, БХЯ-ны хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга, Д. Болормаа нар сэтгүүлчдэд "Хар сүлд" клубын зарчим, зорилгыг танилцуулав. Анхны зохион байгуулалтын хурлаа хийж, сэтгүүлчдийн дунд нээлттэй ярилцан ил тодоор дүрэм, хөтөлбөр зэргийг батлан "Хар сүлд" клубын Удирдах зөвлөл, Тэргүүн, Ажлын албыг сонголоо. Удирдах зөвлөлийг долоон гишүүнтэйгээр батлан Монголын радиогийн ахлах редактор, "Улирал ба зохиолч" сэтгүүлийн эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, бэлтгэл ахлах дэслэгч  Дан. Нямаа, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан, АНУ дахь "Монгол" телевизийн захирал, сэтгүүлч, бэлтгэл хошууч Ц.Сарантуяа, "Ардын эрх" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, яруу найрагч Г. Сонинбаяр, "Үндэсний шуудан " сонины орлогч эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс, "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Г. Цолмон, "Монголын мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Э. Энхцэцэг нарыг сонгов. Мөн "Хар сүлд" клубын Тэргүүнээр БХЯ-ны "Ээлтэй сэтгүүлч" шагналт, бэлтгэл дэслэгч, МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ж.Батсайхан, ажлын албаны ажилтнаар "Монголын мэдээ" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, сэтгүүлч Э.Энхцэцэг, "Соёмбо" сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Д.Мэндбаяр, ЗХЖШ-ын ИЦХ-ийн ажилтан, ахлах дэслэгч Д.Оюунгэрэл нар ажиллахаар болов. 

Анхны хүндэт гишүүдээр хуралд оролцсон 16 хүнийг бүртгэн авч, клубын түүхийг "БНМАУ-ыг тунхагласны өдөр" буюу өчигдрийн 26-ны өдрөөр огноолон эхлүүлж байгаагаа санал нэгтэй дэмжицгээв. "Хар сүлд" клуб нь гишүүдээ хүүхэд, залуусаар өргөжүүлэх, мэргэжлийн тусгай сургалт хийх, Зэвсэгт хүчний анги байгууллагыг  сурвалжлах, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдийг газар дээрээс нь сурвалжлах, "Сэтгүүлчид-Дайчдын дунд", "Сэтгүүлчид-Эх орны албанд" зэрэг аялал зохион байгуулах юм. Тус клубын анхны гишүүд "Бүх цэргийн хар сүлд"-дэд мөргөн адис авах, жил бүр шилдэг нийтлэлийн ном гаргах, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай байнгын холбоотой, тэдний туслалцаа дэмжлэгээр ажиллах санал дэвшүүллээ. Дээрх саналыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд талархалтайгаар хүлээн авснаа мэдэгдсэн юм.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ