С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шийдвэрлэлтийг нягтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-10 17:23:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр "Монгол Улсад хууль дээдлэх зарчим алдагдаж байна. Иймд хууль хэрэгждэг байх тал дээр уг байнгын хороо анхаарал хандуулж ажиллах шаардлагатай" гэсэн асуудлыг гишүүд хөндөв.
 
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн амь насыг бүрэлгэсэнтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах бус эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан хэмээн үзэж байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ хэргийн шийдвэрлэлттэй холбогдуулж Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос гаргасан дүгнэлтийг нэн тэргүүнд УИХ-ын гишүүдэд албан ёсоор орчуулгын хамт хүргүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд Олон улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг заалт бүрээр нь Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэсэн бөгөөд тусгайлсан ажлын хэсэг байгуулах санал гаргав. Ингээд хуралдаанд оролцсон гишүүд хэрэг шийдвэрлэлтийн асуудлыг нягтлан, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.
 
ОУПХ-ны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгахад оршдог аж. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажилласан аж.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ