Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх яриа хэлэлцээ үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-09 16:12:56
ТОКИО. /РИА Новости/. Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлаар Умард болон Өмнөд Солонгос улс энэ долоо хоногт дахиад хэд хэдэн яриа хэлэлцээ хийнэ хэмээн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөөгч Пэк Тэ Хён сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх хамгаалалт, ёслол хүндэтгэл болон хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэлэлцэх асуудлууд үлдсэн. Эдгээр асуудлаар энэ долоо хоногт нэг юмуу хоёр удаа яриа хэлэлцээ хийнэ” гэжээ.

Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг энэ сарын 27-нд цэрэггүй бүсийн хилийн шалган нэвтрүүлэх Пханмунжом боомтын өмнөд хэсэг дэх “Энхтайвны ордон” хэмээх танхимд хийхээр товложээ. Өнгөрсөн долоо хоногт талууд хоёр Солонгосын удирдагчдын яаралтай холбогдох шууд утсан холбоог тогтоох техникийн асуудлуудыг хэлэлцэхээр Пханмунжом боомтод уулзсан байна. Харин энэ сарын 18-нд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг нарийвчлан тодорхойлохоор Умард болон Өмнөд Солонгос улс Засгийн газрын өндөр түвшний уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ