Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-26 13:06:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай хуралдаанд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Болормаа оролцож, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон энэ жил хийх томоохон ажлаа товч танилцууллаа.
 
Сүхбаатар дүүрэг нь 140 мянган хүн ам, 20 хороотой бөгөөд нийт 20.8 мянган га газар нутагтай. Тус дүүрэг “Иргэдийн оролцоотой Сүхбаатар дүүрэг”, “Боловсролд ээлтэй Сүхбаатар дүүрэг”, “Амьдрахад таатай Сүхбаатар дүүрэг”, “Иргэндээ үйлчлэх Сүхбаатар дүүрэг”, “Дэвжин дээшлэх Сүхбаатар дүүрэг” гэсэн таван зорилт тавин ажиллаж байгаа аж. “Иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт оффис” ажиллуулж байна хэмээн Д.Болормаа дарга танилцуулав.
 
Өнгөрсөн онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 149 дүгээр цэцэрлэгт урлагийн заал бүхий 2 бүлэгтэй өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 13 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 бүлэг бүхий 248 лугаар цэцэрлэг шинээр барьж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн 135, 166 дугаар цэцэрлэгт тус бүр 2, 24 дүгээр цэцэрлэгт нэг бүлэг нэмж ажиллуулах төсөв санхүүгийн асуудлыг дүүргээс шийдвэрлэжээ. Эдгээр нэмэлт бүлгүүдэд нийт 150 гаруй хүүхэд шинээр элссэн байна. Энэ онд 54 дүгээр цэцэрлэгийн ашиглалтын шаардлага хангахгүй өргөтгөлийг барилгыг буулгаж, шинээр 150 хүүхдийн ортой өргөтгөл барина. Мөн дүүргийн 10 дугаар хороонд байрлах 24 дүгээр цэцэрлэгийг буулгаж, шинээр 240 хүүхдийн ортой цэцэрлэг барих аж. Дүүргийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэж буй 71 дүгээр сургуульд 320 хүүхдийн суудалтай өргөтгөл барихаар төсөв нь тусгажээ.
 
Сүхбаатар дүүрэг “Хог хаягдлын ухаалаг систем”-ийг нэвтрүүлж, хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээ 24 цагийн турш камерын хяналттай болжээ. Дүүргийн хэмжээнд хог хаягдал ихээр төвлөрдөг 25 байршлыг сонгож, камерын хяналт бүхий нэгдсэн удирдлагын төвийг байгуулсан байна. Үүний үр дүнд тээвэрлэгч байгууллага нь  батлагдсан хуваарийн дагуу тээвэрлэлт хийдэггүй, хог тээвэрлэлтийн рейс хангалтгүй, төвлөрсөн хогийн цэгт хогоо хаядаггүй гэх мэт зөрчлийг илрүүлжээ. Мөн ачааны машинаар хог асгасан 2 зөрчил, гэмт хэргийн шинжтэй автомашины бүтээлэг, айлын цонхоор орж хулгай хийсэн 6 үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд дүүргийн хөрөнгө оруулалтаар 15-20 хорооны 39 байршилд 1180 ширхэг гэрэлтүүлгийг шинээр тавьсан. Энэ жил үлдсэн хэсэгт гэрэлтүүлэг хийх аж. Ингэснээр Сүхбаатар дүүрэг бүрэн гэрэлтүүлэгтэй болно гэдгийг дүүргийн Засаг дарга хэлж байлаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ