Ван И: БНХАУ өөрийн онцлогтой гадаад бодлогыг хэрэгжүүлж түүхэн амжилтад хүрсэн

ХИЛИЙН ЧАНАДААС
173@montsame.mn
2018-03-08 19:43:42
Бээжин /МОНЦАМЭ/. Арван гурав дугаар удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулган болж буйтай холбогдуулан БНХАУ-ын ГХ-ны сайд өнөөдөр Хятад улсын гадаад бодлогыг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлгэв.
Тэрээр хэлэхдээ “ХКН-ын 18-р Их хурлаас хойш /2012 он/ Хятад улс Ши Жинпин даргын удирдлага дор Хятадын онцлогтой Их гүрний гадаад бодлогын замаар замнаж улс, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, улс доторх нээлттэй, өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд асар их хувь нэмэр оруулж, түүхэн ололт амжилтад хүрлээ. Бид аливаа улс оронтой хамтын хүчээр орчин үеийн олон улсын харилцааны хэв маягийг бүтээн байгуулж, хүн төрөлхтөний нэгдмэл хувь заяаг цогцлоох нь Шинэ эриний Хятад Их гүрний гадаад харилцааны үндсэн зорилт юм” гэв.
Тэрээр цааш нь “энэ онд Хятад улсын гадаад бодлогын салбарт болох томоохон үйл явдлуудыг танилцуулахдаа “2018 он бол ХКН-ын 19-р Их хурлын үзэл санааг хэрэгжүүлэх анхны чухал жил. Бид энэ онд дөрвөн томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Үүнд: Нэгдүгээрт, энэ оны 4-р сард Хайнань мужид зохион байгуулагдах “өөрчлөлт ба нээлт” сэдэвт БОАО-н Азийн форум. Энэ онд Хятад улсын нээлттэй хаалганы бодлогын 40-н жилийн ой тохиож байна. Бид өнгөрсөн хугацаанд нээлттэй өөрчлөлт шинэчлэлтийн бодлого баримталсан туршлагаа дүгнэх, цаашлаад орчин цагийн улам бүр нээлттэй, өөрчлөлт шинэчлэлтийн бодлогоо танилцуулна. Хоёрдугаарт, 6-р сард Чиндао хотод болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын гишүүдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, улам бүр харилцан ашигтай хамтын хөгжил рүү тэмүүлэх зорилготой. Гуравдугаарт, 9-р сард Бээжин хотод зохион байгуулагдах “Бүс ба зам” сэдэвт Хятад-Африкийн хамтын ажиллагааны форум. Африк тивийн ахан дүүсийн маань хувьд энэ удаагийн хурал “Бүс ба зам” санаачилгад нэгдэх, Хятад-Африкийн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах шинэ хүч юм. Дөрөвдүгээрт, 12-р сард Шанхай хотод зохиогдох “зах зээлийн нээлттэй бодлого” сэдэвт Хятадын Олон улсын импортын үзэсгэлэн худалдаагаар Хятад улс дэлхий дахинд нээлттэйгээр зах зээлийн боломжоо танилцуулж, улс орнуудыг Хятад улсын хөгжлийн шинэ боломжид оролцох, хуваалцахыг хүсч байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд, 2018 оны Хятад улсын гадаад бодлогын үүд хаалга нээгдлээ. Бид шинэ эриний Хятадын гадаад бодлогын орчинг улам бүр сайжруулан, хүн төрөлхтөний хөгжилд хувь нэмрээ оруулах болно” хэмээн хэлэв.
А.Анхбаяр  
Холбоотой мэдээ