Умард Солонгосын удирдагчид хуурамч паспортаар гадаад улс орнууд руу явж байжээ

ДЭЛХИЙД | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-02-28 16:01:50
ЛОНДОН. /Ройтерс/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон түүний эцэг Ким Жөн Ир 1990-ээд оны үед хуурамч нэрээр Бразилийн паспорт авч, гадаад улс орнууд руу явж байсан тухай “Ройтерс” агентлаг баруун Европын аюулаас хамгаалах хүчний таван эх сурвалжаас иш татан мэдээллээ.

Ким Жөн Ун болон Ким Жөн Ирийн зурагтай, 1996 оны хоёрдугаар сарын 16-ний өдөр гэсэн огноотой, “Прага дахь Бразилийн ЭСЯ” гэсэн тамга бүхий паспортуудын хуулбар зургийг эх сурвалжууд дэлгэн үзүүлсэн байна.  Паспортууд дээр тэднийг “Бразилийн Сан-Паулу хотод  төрсөн” гэж бичжээ.

Аюулаас хамгаалах хүчний таван эх сурвалжийн дөрвийнх нь мэдэгдсэнээр, Умард Солонгосын удирдагчид багаар бодоход барууны хоёр улс руу ийм хуурамч паспорт ашиглан гарч байжээ. Мөн тэд ийм паспортуудыг ашиглан Бразиль, Япон болон Хонконг руу гарч байсан ч байж магадгүй гэнэ.

Умард Солонгосын одоогийн удирдагч Ким хүүхэд байхдаа буюу 1991 онд хуурамч паспортаар хэд хэдэн удаа Япон руу нэвтэрч байсан гэсэн мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ