Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлэв

ДЭЛХИЙД | Улс төр
dorjkhand@montsame.mn
2018-02-26 07:26:08
ПЁНЧАН. /Ёнхап/. Манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж “Пёнчан-2018” өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн Умард Солонгосын төлөөлөгчид мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, өчигдөр орой болсон Пёнчаны олимпийн хаалтын ёслолын өмнө Умард Солонгосын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол тэргүүтэй найман төлөөлөгч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Интэй уулзах үеэрээ ийн мэдэгдсэн байна. Төлөөлөгчдийн ахлагч Ким  Ён Чол нь хоёр Солонгос хоорондын асуудлыг зохицуулах ажлыг хариуцдаг нэгэн аж.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордны мэдэгдсэнээр, Мүн Жэ Ин хэлэхдээ “Хоёр Солонгосын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн бол Умард Солонгосын төлөөлөгчдийн ахлагч “Манай удирдагч ч тантай адил бодолтой байгаа” гэсэн байна.

Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч “Хоёр Солонгосын  харилцааг сайжруулж, Солонгосын хойг дахь асуудлыг шийдвэрлэхийн тулд Пхеньян болон Вашингтон аль болох эрт яриа хэлэлцээ хийж эхлэх шаардлагатай байна” гэжээ. Үүний хариуд Умард Солонгосын төлөөлөгчдийн ахлагч хэлэхдээ “Бид яриа хэлэлцээ хийхэд бүрэн бэлэн байна. Хоёр Солонгос хоорондын харилцаа холбоо болон Вашингтонтой хэрхэн харилцах нь уялдаа холбоотой асуудал” гэжээ.

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо энэ сарын 9-25-нд болсон өвлийн олимпийн XXIII наадмын нээлтийн ёслолд Умард Солонгосын өндөр дээд түвшний төлөөлөгчид, тэдний дотор тус улсын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ёо Жон оролцсон билээ. Тэд Өмнөд Солонгосын төрийн тэргүүнд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан юм.

Пёнчаны олимпийн наадам нь хоёр Солонгосын харилцааг сайжруулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах замыг заслаа гэж ажиглагчид үзэж байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ