Шүлхийн голомтод 32 үхэр устгаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-19 15:46:41
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Онцгой комисс яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Энэ талаар ОБГ-ын дарга хурандаа Г.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Шүлхий өвчин гарсан энэ сарын 15-наас эхэлж  аймгийн Засаг дарга  30 хоногийн хорио, цээр  тогтоох тухай захирамж гаргаж үүний дагуу  Жаргалант сумын Улаантолгой өртөөн дээр галт тэрэг зогсохыг хориглолоо. Мөн тус багт зорчих иргэдийн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон байна. Шүлхий өвчин гарсан хэсэгт хорио, цээрийн дэглэм тогтоож ариутгал халдваргүйтлийг эрчимжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын 105 өрхийн 1973, Баян-Өндөр сумын 1524 үхрийг вакцинжуулсан байна. Мөн долоон хэсэгт хяналтын пост, хөдөлгөөнт таван эргүүл ажиллаж байна. Хоёрдугаар сарын 15-аас хойш 32 үхэр устгаад байна. Голомтын цэг нь Жаргалант сумын төвөөс 1,27 км зайд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122м орчим зайд байрладаг юм. 
Шүлхий өвчин хаанаас дэгдсэн талаар урьдчилсан байдлаар дүгнэхэд Улаантолгойн багийн иргэн А өнгөрсөн нэг, хоёрдугаар сард Дорнод аймагт тээврийн хэрэгслээрээ зорчсон байна. Гэхдээ уг асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа гэнэ. Зарим иргэн нөөцийн өвснөөс боллоо гэж хардаж байгаа ч аймгийн удирдлагууд Сэлэнгэ аймаг буюу шүлхий өвчний голомтгүй газраас намар эрт татаж авсан гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ