Хонконгт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-11 09:41:46
ХОНКОНГ. /Синьхуа/. Хонконгийн нутгийн хойд нутагт хоёр давхар автобус осолдсоны улмаас 18 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Энэ осол орон нутгийн цагаар бямба гарагийн 18:00 цагийн үед хурдны зам дээр болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, 18 хүн амиа алдсан нь тогтоогдоод байгаа бөгөөд гэмтэж бэртсэн 62 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Энэ нь Хонконгт 2003 онд мөн хоёр давхар автобус ачааны машинтай мөргөлдсөний улмаас 21 хүн амиа алдсанаас хойших хамгийн олон хүний аминд хүрсэн зам тээврийн осол гэнэ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн нэг нь ярихдаа “Автобус эргэлтэн дээр маш хурдтай явж байсан” гэжээ. Автобусны зорчигчид нь хурдан морины уралдаан үзэхээр явж байсан хүмүүс гэнэ.

Тус автобусыг эзэмшигч компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Манай компани хохирогч тус бүрийн ар гэрийнхэнд 80 мянган хонконг долларын /10256 ам.доллар/ нөхөн олговор олгоно” гэжээ.

Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Автобусны жолооч болох 30 настай эрэгтэйг баривчлаад байгаа аж.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ