Америкт 12 настай сурагч охин гал нээсэн хэрэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-02 10:57:52
ЛОС-АНЖЕЛЕС. /АП/. Америкийн Лос-Анжелес хотод 12 настай охин өсвөр насны хоёр сурагчийг буудан шархдуулсан хэрэг гарсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээлэв.

Энэ хэрэг орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 08:55 цагт Лос-Анжелес хотын Сальвадор Кастрогийн нэрэмжит дунд сургуульд болсон байна.

“Толгойн тус газраа шархадсан 15 настай хүүгийн биеийн байдал тааруу байна. Бугуйн тус газраа шархадсан 15 настай охины биеийн байдал тогтвортой байна” гэж тус хотын холбогдох албаны хүмүүс мэдэгджээ. Мөн энэ хэргийн үеэр 11-30 насны гурван хүн суманд оногдоогүй ч зугтаж байхдаа бэртэж гэмтсэн байна.

12 настай сурагч охин чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг хийх болсныг цагдаа нар тогтоохоор ажиллаж байгаа аж.

Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Америкт сургуульд гал нээсэн гурав дахь тохиолдол нь энэ болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд тус улсын Кентакки муж улсад нэгэн сурагч ангийнхаа хоёр хүүхдийг буудсан хэрэг гарсан бол үүний өмнөх өдөр Техас муж улсад 16 настай нэгэн сурагч ангийнхаа нэг хүүхдийг буудан шархдуулсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ