Үндэсний үйлдвэрлэгчид дэлхийд гарах боломжийг эрэлхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-01 16:34:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төр хувийн хэвшил, санхүүжүүлэгч байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой “Экспорт Монголиа-2018” форумаар уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох нь чухал гэдэгт төлөөлөгчид төвлөрлөө.

"Корпорэйт" зочид буудлын хурлын танхимд болсон тус форумаар экспортын талаар төрөөс баримталж буй бодлого, экспортод гарч буй үйлдвэрлэл эрхлэгчдийн туршлагаас танилцуулж, олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, экспортын баримжаатай үйлдвэрлэлийн санхүүжилтын асуудлаар талууд санал солилцсон юм. Чуулганд Гадаад харилцааны яам, Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй экспортыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд оролцлоо.

Манай улсын нийт экспортын 85 хувь нь уул уурхайн салбарт зонхилж буй бол үлдсэн  15 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт юм.Тэгвэл форумын төлөөлөгчид  дан ганц уул уурхайн экспортын орлогоос олон тулгуурт эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарах ёстой гэдэгт санал нэгдсэн юм.



Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр,  “Хөгжлийн банк хуулиараа нийт санхүүжилтынхаа 60 хувийг экспортод чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд олгох ёстой. Одоогийн байдлаар олгосон  санхүүжилтын 65 хувь нь экспортод чиглэв. Өнгөрсөн жил  154 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг экспортод чиглэсэн үйл ажиллагаанд олголоо. Энэ жил энэ хэмжээгээ нэмэгдүүлэх бодлого баримтална. Гол нь экспортлох гэж буй бараа бүтээгдэхүүнийг гадны зах зээл дээр ямар хэмжээтэй борлуулах вэ гэсэн тооцоо судалгаа дутмаг байгаа учир аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд хүндрэл үүсдэг. Өөрөөр хэлбэл  нарийн тооцоо судалгаа байж хэдэн жилийн хугацаатай ямар нөхцлөөр санхүүжүүлэх вэ гэдэг нь тодорхой болох юм. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн судалгааг тодорхой болгох нь чухал. Тодорхой болчихвол дэмжих бүрэн боломж байна” гэв. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 10 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй гэсэн судалгаа бий. Харин үүний хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ гэсэн судалгаа байхгүй байгааг оролцогсод шүүмжлэв.



Хөгжлийн санаачилга  ТББ-ын тэргүүн Л Баян-алтай ярихдаа, “Уул уурхайн хамаарлаас  гарах ганц оновчтой гарц бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ боловсруулах бэлэн бүтээгдэхүүн гаргах, гадны зах зээл рүү оруулах явдал юм. Гэхдээ экспортлох гэж буй зах зээлийнхээ шаардлагыг мэдрэх ёстой. Жишээлбэл Япон ч юм уу Америкийн  хэрэглэгчдийн хүсэн хүлээж буй өнгө, загвар, чанарын шаардлагыг хангахгүйгээр бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго гадны зах зээлд экспортлох гэж буй бараа бүтээгдэхүүнүүдийн чанарыг сайжруулах асуудлыг хөндөж байна. Жишээ нь Монголд арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Америк руу  экспортлоход сав баглаа боодол, чанар, өнгөнөөс эхлээд манай дотоодын зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс шал өөр байх шаардлага гардаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд сургалт, зөвлөгөө авах, газар дээр нь очиж танилцахаас эхлээд тухайн зах зээлээ ойлгох хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний гарал үүсэл, бичиг баримтын бүрдэлтэд анхаарах хэрэгтэй” хэмээв.

Түүнчлэн тус форумаар үндэсний тэргүүлэгч компаниуд гадны зах зээлд гарсан арга туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал “Англо Фрейт” компани гадаад худалдааны сүлжээ байгуулах ажилд гаршжээ. Тус компани  АНУ-ын хэд, хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын ложистикийн “FedEX”, “United States postal service” системд холбогдон Монголын компаниудыг дэлхийд гаргахад хувь нэмрээ оруулж буй аж.

 Улмаар  АНУ, Канад, Японд Монголын хувийн хэвшлийнхнийг оролцуулсан бизнес уулзалт болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тээвэр ложистикийн компанийн хувьд Монголын компаниудыг дэлхийтэй холбож эхэлсэн байна. Цагаан сар болохтой холбогдуулан АНУ дахь монголчуудын захиалгаар  дөрвөн тонн хэвийн боов хүргэжээ.

Өнөөдрийн арга хэмжээнд “ТЕСО”, “Хаадын гэр”, “Лидер Кашмер”-ийн төлөөлөл оролцож экспортод бүтээгдэхүүнээ гаргаж буй  туршлагаасаа хуваалцлаа. Мөн үеэр Дэлхийн банкнаас Монголын экспортлогчдыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж буйг Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр онцолсон юм.

Ийнхүү “Экспорт Монголиа-2018” арга хэмжээнд оролцсон үйлдвэрлэл эрхлэгчид олон улсын худалдааны төлөөлөгчидтэй холбосон кластрын сүлжээнд нэгдэх, дэлхийн зах зээлд гарах боломжийг эрэлхийллээ.

Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ