Иргэдийн хариуцлагагүй байдал угаарын аюулд хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-25 16:41:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр 2017-2018 оны өвөл Баян-Өлгий аймгийн төвд иргэд утаанд хордсон 5 удаагийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 12 иргэнийг авран хамгаалж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Эдгээр иргэдийн хоёр нь өндөр настан, бусад нь бага насны хүүхдүүд аж. Хамгийн сүүлд энэ сарын 21-ний өдөр Өлгий сумын 9 дүгээр багт 16-18 насны гурван хүүхэд угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүний учир шалтгааныг иргэдийн хариуцлагагүй явдлаас үүдэлтэй хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Учир нь иргэд пийшин зууханд гарсан эвдрэл, цуурлыг янзалдаггүй, янданг хөөлөөгүй зэрэг нь угаарын аюул гарахад нөлөөлдөг ажээ.

Иймд аймгийн Онцгой байдлын газраас энэ долоо хоногт 1200 гаруй айл өрхөд утаанд хордох аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараажээ. Мөн ард иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймэрийг унтраах, өөрсдийгөө болон бусдын бусдын эд хөрөнгийг авран хамгаалах арга барилд сургаж дадлагажуулах зорилгоор "Гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ"-г өнөөдрөөс Өлгий сумын хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. 

Арга хэмжээний хүрээнд тус газрын Гал унтраах, аврах 31 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид багийн Засаг дарга нартай хамтран 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Өлгий сумын айл өрхүүдийн цахилгаан болон пийшин зуухны угсралт, үнс нурамны галын аюулгүй байдлыг хангаж буй эсэх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхиж байгаа эсэхэд шалгалт хийж, заавар зөвлөмж өгөх юм.

Ө.Нурболат


 

Холбоотой мэдээ