АНУ-ын сенатч хөл хүнд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-24 11:04:47
ВАШИНГТОН. /АП/. АНУ-ын Конгрессын дээд танхимын гишүүн буюу сенатч Тэмми Дакворт хөл хүнд болсон гэдгээ зарлажээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, удахгүй 50 насны босгыг давах гэж буй Т.Дакворт хөл хүнд болсон гэдгээ өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард 50 нас хүрэх аж. 

АНУ-ын түүхэнд Сенатын гишүүний албан тушаал хашиж байхдаа хүүхэд төрүүлж байсан тохиолдол байхгүй аж. Харин Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүн байхдаа есөн эмэгтэй нярайлж байжээ. Тэдний нэг нь Т.Дакворт гэнэ. 

Т.Дакворт нь АНУ-ын Сенатын танхимын гишүүн болсон анхны хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй гэнэ. Тэрбээр Иракийн дайны үед Америкийн армийн нисдэг тэргийг жолоодож яваад осолдсоны улмаас хоёр хөлөө тайруулсан аж. Мөн тэрбээр АНУ-ын Конгрессын гишүүн болсон анхны хятад гаралтай гаралтай хүн юм байна. Түүний ээж нь хятад гаралтай бол аав нь дэлхийн II дайн болон Вьетнамын дайнд оролцож явсан Америкийн ахмад дайчин гэнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ