Монгол,Франц улс хүнс, хөдөө аж ахуй, сансрын чиглэлээр хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-20 12:26:34

Бүгд Найрамдах Франц улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзаж, албан ёсны хэлэлцээ хийн, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ноён Франсуа Олланд БНФУ-ын Ерөнхийлөгчийн өргөө болох Элизейн ордонд угтан хүлээн авав. Энэ үеэр Элизейн ордонд хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.

Угтах ёслол өндөрлөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хүнд үед хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Монгол Улс бол Францын Ази дахь давуу эрхтэй түнш юм. Биднийг ардчиллын үнэт зүйлс холбодог. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Ялангуяа хүнс, хөдөө аж ахуй, сансрын чиглэлээр хамтран ажиллах бололцоо бий” хэмээн тодотгоод, энэ сарын 30-нд Парис хотноо эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дүгээр чуулганы зорилтын талаар тайлбарлан, Монгол Улс түүнийг дэмжихийг хүслээ.

Парис хотод болсон террорист халдлагад олон арван эрдэнэт хүний амь эрсэдсэнд гүнээ эмгэнэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дахин илэрхийлээд, учирсан уй гашууг Монголын ард түмэн хуваалцаж байна гэдгийг хэлэв. Мөн Ерөнхийлөгч Монгол, Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт жил БНФУ-д албан ёсны айлчлал хийж байгаад таатай байгаагаа тэмдэглэж, “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тодорхой салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэлээ. Тэрчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Батлан хамгаалах салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа олон улсад энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах бололцоотой байна. Мөн соёлын хамтын ажиллагаа чухал. Археологийн чиглэлээр Монгол, Франц улс хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Монгол Улсын соёлыг харуулсан томоохон үзэсгэлэнг Францад гаргах чиглэлээр хамтарч ажиллая” гэлээ.

Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг (ASEM) Монгол Улс ирэх онд зохион байгуулна. Дээд түвшний энэхүү арга хэмжээнд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцохоо уг уулзалтын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн ASEM-ийг зохион байгуулахад францын тал зохих түвшинд дэмжиж ажиллана гэдгээ тодотгов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Төвийг сахих бодлогын санаачилгынхаа талаар танилцуулсан бөгөөд БНФУ-ын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Ардчиллыг бэхжүүлэхэд төвийг сахих бодлого чухал гэж ойлгож байгаа” гэлээ. Түүнчлэн мал аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа нь энэхүү айлчлалын чухал үр дүн болно гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэв.

Холбоотой мэдээ