Казахстан болон АНУ стратегийн түншлэлээ өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-17 16:42:45
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Хоёр улсын стратегийн өргөн түншлэлийн асуудал хэлэлцэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг Цагаан ордонд хүлээн авч уулзав гэж “Казинформ” агентлаг мэдээлэв.

Уулзалтын үеэр Н.Назарбаев найрсгаар хүлээн авсанд Д.Трампт талархал илэрхийлэхийн сацуу түүнийг  Казахстан улсад айлчлахыг урьжээ. Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үзүүлж буй Казахстан улсын үүргийг хоёр улсын төрийн тэргүүн онцлон тэмдэглэж, 1991 онд Казахстан улс тугсаар тогтнолоо олж авснаас хойш АНУ болон Казахстан улсын харилцаа эрчимтэй өргөжин хөгжиж байгааг харилцан хүлээн зөвшөөрчээ.

Мөн тэд улс төр, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түүнчлэн стратегийн өргөн түншлэлийн комиссын хүрээнд дээд хэмжээний уулзалтуудыг тогтмол явуулж, хоёр улсын ард иргэд хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ