ОБЕГ-ын алба хаагчид болон зарим уулчдыг Төрийн одон, медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-12-29 15:49:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчид болон Отгонтэнгэр ууланд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон нэр бүхий уулчдыг Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар гардууллаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын  32 алба хаагчийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. 

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор: ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн орлогч дарга, хурандаа Ш.Буяндэлгэрийг,

Цэргийн гавьяаны одонгоор: ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогтбаяр, тус газрын улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Болдбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын ахлах байцаггч, дэд хурандаа Б.Сүхбаатар, мөн газрын ахмад ажилтан Ц.Хүрэлбаатар нарын дөрвөн алба хаагчийг,

Алтан гадас одонгоор: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын уул уурхайн аврах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Б.Баттогтох, Улаанбаатар хот дах Хүнсний нөөцийн салбарын нягтлан бодогч, хошууч Н.Тунгалагсайханыг

Цэргийн  хүндэт медалиар: ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Энхбаатар, нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү, үйлчилгээний албаны тооцооны нягтлан бодогч, дэд хурандаа Х.Диймаа, мөн газрын дэд бүтэц, газар хөдлөлт, гамшгаас хамгаалах албад хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, мөн газрын Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат нарын 18 алба хаагчийг

Хөдөлмөрийн хүндэт медалиар: ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн үйлчлэгч А.Цэрэндолгор нарын дөрвөн алба хаагчийг,

“Шударга журам” медалиар: Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын холбоо зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг, мөн ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин аврагч, ахлах ахлагч Б.Болд нарын алба хаагчдыг шагнасан юм. 



Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Отгонтэнгэр” ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцон Монголын үндэсний уулчдын холбооны С.Бат-Эрдэнэ, Ж.Бямбасүрэн, Д.Энхбаатар, Б.Түвшинтөр, Ч.Бат-Эрдэнэ, Б.Отгонхүү, Э.Нямцэрэн, Б.Эрдэнэцэцэг нарын уулчдыг “Шударга журам” медалиар шагнасныг гардууллаа.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдаар бахархаж байдгаа онцлон тэмдэглэв. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ