Умард Солонгос АНУ-аас нотлох баримт шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-26 17:38:00
ВАШИНГТОН. /Ассошиэтед Пресс/. Энэ оны эхээр олон улс орны хэдэн мянган байгууллагын компьютерт “WannaCry” вирус тараасан хэргийн ард Пхеньян бий гэж АНУ мэдэгдсэн нь “ямар ч үндэслэлгүй хэрэг бөгөөд өдөөн хатгалга юм” гэж Умард Солонгосоос НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч хэлээд, ямар үндэслэлээр ингэж мэдэгдэх болсноо тайлбарлаж, нотлох баримт үзүүлэхийг АНУ-аас шаарджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын төлөөлөгч Пак Сон Ил өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Вашингтоны энэ мэдэгдэл бол манай улсын эсрэг өдөөн хатгалгын нэг хэлбэр. Хэрвээ тэд энэ вирусийн ард Пхеньян бий гэдэгт тийм их итгэлтэй байгаа юм бол нотлох баримтуудаа бидэнд үзүүлэх хэрэгтэй” гэжээ.
 
Энэ оны тавдугаар сард хакерчид “WannaCry” вирусээр байгууллагуудын компьютеруудыг түгжиж, мэдээллийг нь барьцаалаад мөнгө нэхэж, заасан хугацаанд мөнгө шилжүүлсэн тохиолдолд цоожийг тайлж, үгүй бол тухайн компьютер дээрх мэдээллийг устгаж байсан билээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ