Малчдын хүүхдүүдэд төслийн хүрээнд боловсролыг нөхөн олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт Японы Хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэй хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэн гамшгийн эрсдлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх төсөл нэг жилийн хугацаатай хэрэгжиж байна.
Энэ төсөл зудын улмаас малчдын хүүхдэд учирсан сөрөг нөлөөг боловсролоор дамжуулан бууруулах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинд боловсролыг тасалдуулахгүй эзэмшүүлэх, сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, цаашдын чадавхийг хөгжүүлэх зорилготой юм. Төсөл яаралтай тусламжийн үе, эрт үеийн сэргээн босголт гэсэн хоёр үе шаттай бөгөөд эхний үе шат нь энэ оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Харин хоёр дахь үе шат нь ирэх нэгдүгээр сараас эхлээд гуравдугаар сард дуусах ажээ. Төслийн нэгдүгээр үеийн хүрээнд малчдын хичээл завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт явуулахаас гадна, сургуулийн орчинд халаалт, унаа тээвэр, ус, цэвэр ахуй, харилцаа холбоо, эрүүл мэнд зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлжээ.
Малчдын хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн энэхүү төслийг Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Завханмандал гэсэн найман сумын есөн ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байна. Төслийн үр шимийг 9000 орчим хүүхэд хүртэх ажээ.
Б.Мягмарсүрэн